ЦХХХ-ны сайд Н.Учрал "шилэн" ажиллагааны хүрээнд нээлттэй болгож буй мэдээллийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Шилэн ажиллагааг эхлүүлсэн найм дахь долоо хоногт мэдээлэл хийж байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд заасан 68 мэдээллийг ил болгох үүргийг мэдээлэл хариуцагч 5 мянган байгууллагуудад хуулиар олгосон. Гэсэн хэдий ч энэ ажил сайн хийгдэхгүй байна. Үүнтэй холбогдуулаад бид гуравдугаар сарын 27-нд шилэн индексийг зарлаад, орон тооны бус зөвлөл байгуулсан. Ингээд нэг системд мэдээллүүдийг холбож эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 20 жилийн газар олголтыг шилэн.мн-д нэгтгэсэн. 15 мянган тусгай зөвшөөрлийг нэгтгэсэн. Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил тод болгосон. Газар олголттой холбоотой асуудлаар иргэд, сэтгүүлчид их шүгэл үлээлээ. Төрийн өмчийн байруудыг яагаад зах зээлийн үнээс доогуур түрээслээд байгаа талаар асуудлыг гаргаж тавьлаа.
Нийт 25 тусгай сан бий. Жижиг дунд үйлдвэрийн санг олон нийтэд мэдээллээд гурван долоо хоног болж буй. Өнөөдрийн байдлаар 3 тэрбум 550 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Энэ бол сайн тоо.
Соёл уралгийн сан, Улсын авто замын санг ил болгосон. Харин Боловсролын зээлийн сан, нийгмийн даатгалын сан, хүүхдийн төлөө санг нээлттэй болгож байна. Ингээд нийт 25 сангаас есөн сан нь ил тод болж байна. Мэдээлэл дутуу ирүүлсэн сангууд бий.
Мөн боловсролын зээлийн сангийн 2008 оноос хойшхи бүрэн бүтэн мэдээллүүдийг байршуулсан. Иргэн бүр боловсролын зээлийн сангийн мэдээллийг авах боломжийг shilen.gov.mn хангаж байгаа юм. Боловсролын зээлийн сангийн мэдээллийг инфографик хэлбэртэйгээр ил болгож байна. Шилэн ажиллагаа үр дүнгээ өгч байна. Төрийн үйл ажиллагаа иргэдийн хяналтад бүрэн очиж байна. Нийгмийн хандлага өөрчлөгдөж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)