Авлигатай тэмцэх газраас Нүүрсний гэх тодотголтой хэргийн явцын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Б.Батбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэг зорилгоор 252 оббектэд нэгжлэг хийж хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11,030 хүнээс мэдүүлэн авч, нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлсэн.
18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Одоо 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.
Мөн хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Хэрэг бүртгэлийн 32, мөрдөн байцаалтын 17 хэрэг нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан. Яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан. Үүнд:
- Улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн долоо,
- Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан нэг,
- Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг,
- Төрийн нарийн бичгийн дарга асан нэг,
- Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан нэг,
- Аймаг сумын засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг,
- Гаалийн улсын байцаагч 20,
- Хил хамгаалах байгууллагын тав,
- Авто тээврийн үндэсний төвийн дөрөв,
- Нийгмийн даатгалын байцаагч нэг,
- Аймгийн газрын даамал хоёр,
- Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр,
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан арав,
- "Тавантолгой" ХК-ийн албан тушаалтан 14,
- "Тавантолгой Түлш" ХК-ийн албан тушаалтан тав,
- "Тавантолгой Төмөр" зам ХХК-ийн гурав,
- Хуулийн этгээдийн албан тушаалтан 15,
- Иргэн 28 тус тус шалгагдсан байна.
Эдгээр яллагдагч нараас гурван яллагдагч цагдан хориотой байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 57, албан үүргээс нь түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авах 38 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй, шуурхай зохион байгуулагдан үргэлжилж байна" гэв.
Д.Батчулуун