УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгасан. Хоёр дахь хэлэлцүүлэгтэй хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ. Тогтоолын төсөлд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг өнөөдрөөс эхлүүлж, энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэхээр заасан. Энэ долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллаж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, 76 гишүүнийг тойргоос, 50 гишүүнийг намын жагсаалтаар сонгох саналыг танилцуулна. Харин дараагийн долоо хоногийн даваа гарагт иргэдийн саналыг бүлэгтээ танилцуулж, 30-ны мягмар гарагт нь гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр төлөвлөжээ.