Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хийсэн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.
Монгол Улс Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь манай дотны итгэлт түнш гэж үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Харин манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зуунаас эхлэлтэй. Тухайлбал, Францын Людовик IX хааны зарлигаар томилогдсон Францын элч Рубрук 1253 онд Их Монгол Улсын Хархорумд ирж их хаанд бараалхаж байсан түүхтэй юм. Түүний бичиж үлдээсэн Монголын эзэнт гүрнээр аялсан тэмдэглэл нь дэлхий дахинаа алдартай. Энэ тэмдэглэлд, Хархорум хотын хааны ордонд Францын уран дархан Вильгельм Бушьегийн урласан мөнгөн модны тухай дурдсан байдаг нь манай хоёр улсын харилцаа эртний түүхтэйг нотолж байгаа юм.
Мөн Франц Улс нь Монголыг НҮБ-д элсэх өргөдөл гаргахаас эхлээд тууштай дэмжиж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990-ээд оноос манай улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бүх талаар дэмжиж ирсэн улсуудын нэг юм. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал гэдгээрээ оцлог болж байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид албан ёсны хэлэлцээрийн үеэр, Монгол Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлын талаарх дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Монгол Улс Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо.
Бид уулзалт, хэлэлцээрийн үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрчим хүч, гадаад харилцаа холбоны салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилгад уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, хүнс, био технологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ техник, технологи, наухауг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар бас тохиролцлоо.
Энэ оны аравдугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан, монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв?” үзэсгэлэн гаргахад Францын Засгийн Газрын үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаад талархал илэрхийллээ.
Бид олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны тулгамдсан олон асуудлаар ярилцаж хүний эрх, ардчиллын зарчмуудад тулгуурласан хөгжил цэцэглэлт, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтэй тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр боллоо.
Хүн төрөлхтний спортын их наадам “Парис 2024”-ийг эх орондоо хүлээн авах Францын ард түмэнд баяр хүргэж амжилт хүслээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудаарх гаргаж буй Монгол-Францын хамтарсан тунхаглал нь манай хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна” гэв.
Сэтгэгдэл (1)