УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. МУ-ын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Д.Сарангэрэл гишүүн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "2015 онд, одоогоос намайн жилийн өмнө гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах хөтөлбөр эхэлсэн. Гэтэл энэ найман жилийн хугацаанд 15 мянган өрхийн 45 мянган хүн тэнүүчилсэн байдалтай явж байна. Асуудал юундаа байна вэ гэвэл 263 га газрыг чөлөөлүүлчихсэн. Хашааг нь буулгаад, байшинг нь буулгаад, гэр орныг нь нүүлгэчихсэн. Гэвч одоо Яармагийн таван хорооны 45 мянган хүн хөдөө хөхөрч, гадаа гандаж амьдарч байгаа гэж ойлгож болно. Хууль номын дагуу бол барилгажуулалт, дэд бүтцийн ажлыг төр хийх ёстой. Гэтэл хийж өгөөгүй л байна. Өнөө хүртэл орон гэр, харьяалагдах газар байхгүй байгаа учраас хүүхдүүдийнх нь сургууль цэцэрлэгийн асуудал, харьяаллын асуудал орхигдсон. Өөрөөр хэлбэл өрх гэрийн хэвийн, бүтэн амьдрал өнөөдөр нэг мөр эвдэгдээд найман жилийг ардаа үдсэн гэсэн үг. 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд би хүний хөгжлийн талаар бодлого гаргах ёстой гэж бодож байна. Дэд бүтэц, инженерчлэлийн шугам сүлжээтэй асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ, төлөвлөгөөнд яаж туссан бэ" гэв.
Л.Балчинлувсан: 2024 оны жилийн төлөвлөгөөнд хүний хөгжлийг чухалчилж, тэргүүлэх чиглэлийн нэг болгож тусгасан байгаа. Энэ хүрээнд боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бодлого, арга хэмжээг сайн тусгаж өгсөн. Гэр хорооллыг дэд бүтцийг сайжруулахтай холбоотой ажлууд тусгагдсан байгаа. Гэр хорооллын 55 мянган айлд дэд бүтцийн инженерчлэл шугам сүлжээг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (5)