Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүрэг өгсний дагуу өнөөдөр(2023.05.19)Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан болон албаны хүмүүстэй ийнхүү уулзсан юм.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрхийг зөрчиж, баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулсан хэд хэдэн тохиолдлуудыг авч хэлэлцэн, сонсох ажиллагаа явуулна гэдгийг онцлов. Түүнчлэн эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалж, цаашид хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгохын тулд уг хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулж танилцуулах учраас төр, иргэн, олон нийтийн байгууллагын жигд төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь өнөөгийн нийгмийн тогтолцооны суурь ухагдахуун гэдгийг тодотгоод аливаа хүний эрхийн зөрчил бол авлигаас илүү хор уршиг дагуулдаг тул уг асуудалд Хүний Эрхийн Үндэсний Комисс манлайлж ажиллах ёстой гэв. Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхийн зөрчилтэй холбогдуулан ял шийтгэл оноосон хэргүүдийг нэг бүрчлэн судалж ажилласан гэдгийг дурдсан юм.
Тэрбээр үргэлжлүүлэн, эдгээрээс цагдан хорьсон 102 иргэнийг хорих ангийн даргын шийдвэрээр сулласан гэдгийг онцлоод, дийлэнх буюу 98% нь шүүх, прокурорын шийдвэргүйгээр эцэслэгдсэн гэж нэмж тодотгов. Өмгөөлөгч Ч.Мөнхсайханы хувьд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тодруулбал, уг хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хянах гэж заасан нь хүний заяагдмал эрхэнд халдах үндэслэл болж байна гэлээ. Энэ оны байдлаар Хүний эрхийн үндэсний комисст үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан гэх гомдол Д.Монголхүү, Э.Одбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын дөрвөн иргэнээс иржээ. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар эдгээр иргэдийн гомдлыг нээлттэй сонсож, хэлэлцэх юм.