УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Монгол Улс нүүрсээ ил тод арилжаалж эхэлснээр байгалийн баялгийн үнэ цэнэ нэмэгдэж Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байна. Үүний үр дүнд 2023 оны нэгдүгээр улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч өслөө.
Дэлхий дахинд эрчим хүч болон үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан. Мөн урд хөрш цар тахлын хатуу хөл хоригоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний гадаад эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байна.
Оюутолгойн далд уурхай эхэлж шинэ сэргэлтийн болон боомтын дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байна. Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засгийн өсөлт 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх үеийнхээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ энэ оны эцэс гэхэд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүрэх хүлээлттэй болж байна" гэв.