УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрх зөрчигдөж буй газар бүрд хүрч ажиллах үүрэг чиглэлийг ХЭҮК болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд, холбогдох албаныханд өглөө.
Тэрбээр "Хүний эрхийн зөрчил их байна, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илдэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай гомдлуудад Хүний эрхийн үндэсний хороо таг дарагдаж байна. Мөн мэдээллэхгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Өмнө жил гаргасан УИХ-ын тогтоол ч, та нарын шийдвэрч хэрэгжээгүй. Шүдгүй арслан шиг ийм байгууллага байгаад яах юм. Яриад тунхаглаад байхдаа биш олон түмэнд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Мэдээж хууль, шүүхийн байгууллагад бид нөлөөлөхгүй, оролцохгүй. Үнэхээр хэрэг хийсэн үү гэдгийг ХЭҮК болон холбогдох байгууллагууд нь шалгаж, тогтоогоод мэдээлэх хэрэгтэй. Нэн ялангуяа жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой ирүүлсэн гомдлыг нягтлан шалгаад олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Тэр шоронгоор яв. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвлэл мэдээллийнхнийг аваад яв. Тэр прокурортой очиж уулз. Мөрдөн байцаагчтай уулз. Хүний эрх зөрчигдөж байгаа газар болгонд та бүхэн хүрч ажиллах хэрэгтэй. Гомдол ирлээ, мэдээлэл өглөө гэсэн тайланд дасал болж болохгүй шүү дээ. Манай улс хүний эрх хамгаалагчийн тухай хууль батлаад хүний эрхийн индэкс өссөн үзүүлэлт гарсан. Энэ онд буурах гээд байна шүү гэж Европын холбооны Элчин сайд нар хүртэл анхааруулж байна. Дотооддоо ч иргэд ярьж байна. Ийм учраас УИХ-аар баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг ханга" гэлээ.