ХНХ-ын сайд Х.Булгантуяад ээжүүдийн төлөөлөл өнөөдөр шаардлага хүргүүлсэн билээ. Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох, ингэхдээ нэгээс тавдугаар сарын мөнгийг нөхөж олгохыг шаардсан юм. Үүний дагуу ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Л.Батсайхан хариу өглөө.
Тэрбээр, “Өнгөрсөн оны төсвийн хуулийг батлахдаа тухайн үеийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд тааруулж баталсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг та бүхэн сайн ойлгож байгаа. Өнөөдөр манай яаманд УИХ, ЗГ болон холбогдох газруудаас үүрэг чиглэл өгсөн. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, хүсэлт гаргасан эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгө олгох талаар манай яам ажлын хэсэг гаргачихсан судлаад ажиллаж байна.
Манай яамны болоод ХНХ-ын сайдын байр суурь бол хүүхдүүдэд эрх тэгш байж, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох ёстой гэж үзсэн.
Төсвийн асуудал Сангийн яаманд шийдэгдэнэ. Мөн ЗГ-ын шийдвэр гарна. УИХ-аар төсвийн хуулийн тодотгол орж ирж байж энэ асуудал шийдэгдэнэ. Саяхан Сангийн сайд мэдээлэл хийсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байна. Хүүхдийн мөнгө олгох болон цалин нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах бололцоотой болсон учраас үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн мэдээлэл хийсэн шүү дээ. Тийм учраас манай яам Сангийн яамтай хамтраад энэ талаар судалгаа хийж байна. Төсвийнхөө байдлаас болоод ЗГ-аас шийдвэр гарч журам батлагдана. Энэ журмаар хүүхдийн мөнгийг нөхөж олгох уу, үгүй юу гэдэг нь тухайн үед шийдэгдэнэ. Судалгааны ажил дуусчихсан. Улмаар ажлын хэсгийн дүн гарч Сангийн яам, ЗГ-т танилцуулсны дараа УИХ-аар батлагдана" гэв.