Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр ярианыхаа эхэнд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсны нэг нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, санал шүүмжлэл байсан. Энэ асуудалд Улсын Их Хурал онцгойлон анхаарч, өргөдөл, гомдлуудад хариу өгдөг байхад анхаарлаа хандуулаач гэдэг саналыг уламжилсны дагуу Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-ын удирдлагууд болон гишүүдтэй уулзаж, тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өгөх гэж байгаагаа тодотгосон. Түүнчлэн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхтэй холбоотой гомдлууд ХЭҮК-т очоод хариултгүй дарагдаж байна. Нийгэмд тодорхой мэдээлэл өгөхгүй байна гэдэг шүүмжлэл гарч байгааг анхаарч цаг тухайд нь олон нийтэд тодорхой мэдээлэл өгч байх шаардлагатайг Улсын Их Хурлын дарга онцлов.
Тухайлбал иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой хэргүүдийг иргэд нэр зааж, тодруулан асууж байгааг дурдлаа. Тиймээс ард иргэдээс ирүүлж байгаа эдгээр асуудлуудад хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг тодруулж тодорхой хариултыг өгөхгүй бол нийгмээрээ айдаст автсан, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөөд байна гэсэн ойлголттой байна гэж холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ, “ХЭҮК-ыг сонгон шалгаруулалтаар байгуулж, бие даасан байдлыг хангаж, Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж, хүний эрх зөрчигдөж буй газар бүрд очиж, хяналт шалгалтыг хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байх шаардлагатай. Манай улс Хүний эрх хамгаалагчийн тухай хуультай болсноороо хүний эрхийн индекс өссөн үзүүлэлттэй гарсан. Харин энэ онд буурах хандлага ажиглагдаж байгааг өнөөдөр уулзсан Европын Холбооны Элчин сайд нар анхааруулж байна. Ийм учраас Улсын Их Хурлаас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгч байна” хэмээлээ. Түүнчлэн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхээс эхлээд цогц бодлого, арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг тэмдэглээд, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон ХЭҮК-ыг 14 хоногийн хугацаанд хамтран хүний эрхийн зөрчил гарч буй газруудад хүрч ажиллаж, хяналт шалгалтыг хийж, дүгнэлтээ танилцуулах үүрэг даалгаврыг өглөө. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан төрийн хамгийн том хяналт бол цөөнхийн хяналт байдаг гээд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг хүний эрхийн асуудалд идэвх, санаачилгатай хамтарч ажиллахыг уриаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.