УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр болж, хурлаас гарсан шийдвэрийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Тэрбээр, “Гишүүдийн тоог 152-оос бууруулж, харьцааны хувьд мажоритар тогтолцоо давамгай байх ёстой гэсэн шийдвэрт хүрлээ. Харьцааг үндсэн хуулиндаа тусгах хэрэгтэй. Сонгуулийн хуулиар явж болох ч эрх барьж байгаа нам байнга өөрчлөгдөх, тогтворгүй байх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас үндсэн хуульд тусгах талаар ярилцлаа. Үндсэн Хуулийн асуудалд бол зөвхөн манай эрх барьж байгаа намаас гадна парламентад суудалтай бүх намууд хоорондоо зөвшилцөж ойлголцолд хүрэх ёстой гэж үзэж байна. Тиймээс Ардчилсан Нам, ХҮН намынхантай уулзаж гишүүдийн тоо, харьцаа, тогтолцооны асуудлаар зөвшилцөж ярилцаад ахиж бүлгийн хурлаар ярьж эцэслэх нь зүйтэй гэж тогтлоо.
Хоёрдугаарт, Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой иргэдийн дунд бухимдал их байна. Засгийн Газраас ойрын үед төсвийн тодотголын асуудлыг судалж, тодорхой санал боловсруулж танилцуул гэдэг чиглэлийг бүлгээс өгсөн. Хаврын газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, зуншлага тааруухан газруудын үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Орон нутагт, тэр дундаа суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах зэрэг цаг үеийн бусад асуудлын талаар ярилцаж тодорхой асуудлаар нь Засгийн Газарт чиглэл өглөө” гэв.
Сэтгэгдэл (11)