Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9.5 дахин бага байна. Үүний хамгийн том шалтгаан бол сэтгэл зүйн асуудал байна хэмээн судлаачид тодорхойлжээ. Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийн нээлт тавдугаар сарын 15-нд боллоо. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд энэхүү төвийг улсын хэмжээнд анх удаа байгуулж, олон улсын гэр бүлийн өдрөөр нээлтээ хийлээ. “Бид хамтдаа” нэртэй тус төв нь дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Үүнд,
- Судалгаа, шинжилгээний ажил,
- Сургалт зохион байгуулах,
- Ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллах,
- Биечлэн болон утсаар хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар ажлын 8 цагаар өгөх зэрэг ажлууд багтжээ.
“Бид хамтдаа” жишиг төвийн даргаар сэтгэл зүйч, нийгмийн ажилтан Ш.Галбадрах ажиллах юм. Төвийн нээлтэд, ХНХЯ-ны төлөөлөл, НҮБ-ийн Хүн амын сангийн төлөөлөл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцлоо.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, “Дундаж наслалтын зөрүүг арилгах нь маш чухал байгаа тул эрчүүдийнхээ, хөвгүүдийнхээ эрүүл мэндэд юуны өмнө анхаарах, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байх, эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа шалтгааныг олох, юунаас нь эхэлж ажиллах гэх мэт судалгаатай арга хэмжээнүүд авч байгаа. Тиймээс бид нар сургуулийн бага насны хүүхдүүдээс эхлээд хүчирхийллийн эсрэг байх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлтэд анхаарах гэх мэт суурь шалтгаануудыг анхаарах ёстой. Үүнд зөвхөн ХНХЯ, ЭМЯ, БШУЯ гэлтгүй бүх нийтийн хамтын ажиллагаа чухал байна. Энэ хамтын ажиллагааг хангах тал дээр онцгойлон хамтарч ажиллана. Өнөөдөр Чингэлтэй дүүргээр жишиг төв эхэлж байна. Бусад бүх дүүрэгт энэ жишиг төв байх ёстой гэсэн бодлого гарчихсан, үүнийг улсын төсөв хэлэлцэх үед анхаараад бодитоор хэрэгжүүлэх ёстой. Мөн энд ажиллах боловсон хүчин одоогийн байдлаар хангалтгүй байгаа учраас хүний нөөцийн асуудлыг хамтад нь шийдээд явна” гэв.
Тус төвийн үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа аж. Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурри, “Аливаа хүчирхийллийн хэлбэртэй тэмцэхийн тулд эрчүүд эмэгтэйчүүд гэлтгүй бүгдтэй нь хамтарч ажиллах ёстой. Энэ төвийг анх байгуулах санаачилга болон санхүүжилтийг Монгол Улсын Засгийн Газар болон Швейцарын хөгжлийн агентлаг, мөн НҮБ-ын Хүн амын сангаас хамтарч гаргасан. Нэгэнт энэ төв байгуулагдсанаар цаашид гадны ямар нэгэн туслалцаагүйгээр үндэсний оролцогч талуудын дэмжлэгтэйгээр ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ бол зөвхөн нэг яамны ажил биш бүх нийтийн оролцоотой хийгдэх үйлс юм” хэмээн тодорхойллоо.
Жишиг төвийн хамгийн гол ажил бол сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд тулгуурлах юм. Иргэдийн сэтгэл зүйн асуудалд төрөөс чухалчлан анхаарч байгааг Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа онцолсон бөгөөд “Эрэгтэйчүүд сэтгэлээ хуваалцах, хэн нэгнээс тусламж гуйх асуудал нэлээн доогуур үзүүлэлттэй байдаг. Эрэгтэй юм чинь хүчтэй, тийм ийм гэсэн үзэл нь эрүүл мэндийн үзүүлэлттэй нь эерэг хамааралтай болчхоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эрчүүдээ сонсож, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзэн үйлчилгээ үзүүлэх жишиг хувилбарыг гаргаж ирсэн. Олон улсын туршлага болон үндэсний эрэгтэйчүүдийн байгууллагуудын туршлага дээр тулгуурлаад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, хосын зөвлөгөө, бүлгийн сургалт, сэтгэл заслын үйлчилгээ явуулахыг энэ төвөөр дамжуулан хүргэнэ. Ганц энэ төвийг нээхээс гадна аймаг дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ГБХЗХГ, энэ газрын дэргэдэх гэр бүлд зөвлөгөө өгөх төв, эсвэр үе, залуучуудтай ажиллах төвийн ажилтнуудыг орон нутагтаа хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай цуг бэлдсэн. Энэ үйл ажиллагааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажлыг энэхүү төвийн нээлттэй зэрэгцүүлэн эхэлж байна. Тус төв нь эдгээр байгууллагын сүлжээ болж ажиллана” гэв.
Ийнхүү эрчүүдэд зориулан байгуулсан жишиг төв нь зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэд гэхгүйгээр, харьяа харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх юм. Төвийн дэргэд зөвлөгөө өгөх тусламжийн утас, “Бид хамтдаа” нэртэй цахим хуудас ажиллуулж эхэлсэн тул иргэд цахимаар болон төвийн утсаар холбогдон үйлчилгээ авах боломжтой ажээ.