НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын ээлжит 79 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө Ази, Номхон далайд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэргийг хурдасгах нь” сэдвийн дор тавдугаар сарын 15-ны өдөр Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо эхэллээ.
Энэ удаагийн чуулганд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын АНДЭЗНК нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээлийг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн улсад бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй улсын тээврийг сайжруулах чиглэлд НҮБ-ын АНДЭЗНК тодорхой нэмэр оруулж буйг Ерөнхий сайд мөн тэмдэглээд, тээвэр, эрчим хүч, мэдээлэл, харилцааны технологийн сүлжээг сайжруулснаар далайд гарцгүй улсын худалдааны хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх, хөгжлийн шинэ гарц болох ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Чуулганы энэ өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгмийн чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулж, мөн чуулганы Дэд даргаар ажиллалаа.
Комиссын 79 дүгээр чуулганы даргаар Тонга Улсын Гадаад хэргийн сайд Фекитамоэла Катоа Утойкаману томилогдож, дэд даргаар Казахстаны Цахим хөгжлийн дэд сайд Аскар Жамбакин, БНСУ-ын Цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан дэд сайд Хьөн Женни Ким, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Индонез Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Рахмат Будиман, Филиппин Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Миллисент Круз-Паредес, Шри Ланкаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Колонн Аппухамиллаж Чаминда Колонн нар тус тус сонгогдсон юм.
АНДЭЗНК-ын 79 дүгээр чуулган энэ оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.