Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Сенатын танхимын дарга Милош Вистрчилд тавдугаар сарын 11-ний өдөр бараалхав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж, 70 гаруй жилийн түүхтэй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин тэлж байгааг онцолж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан айлчлал, Парламентын найрамдлын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.
Мөн манай улсад тахь эргэн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж буй чехийн талд талархал илэрхийлж, энэ төслийг үргэлжлүүлэх, ойжуулалт, ойн менежментийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотоллоо.
Хоёр улсын хамтын ажиллагаанд иргэдийн харилцаа холбоо чухал гэдгийг онцолж, Чех улсад ажиллаж, оршин сууж буй манай иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг Чехийн Сенатын танхим дэмжиж, хүчин төгөлдөр болгосонд талархал илэрхийлэв.