УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч гэж Үндсэн хуульд заасан. Шударга хэлэхэд, энэ танхимд бид бүгдээрээ ард түмний элч болоод сууж чадаж байна уу гэдэг асуудал. Бидний дотор гэр хороололд амьдардаг хүн байгаа юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, багш, инженер, эрдэмтэн, малчин, жижиг дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл, эмэгтэйчүүд, залуучууд, эмч сувилагч илүү олон байх ёстой. Тэгвэл энд жинхэнэ ард иргэдийн нийгмийн төлөөлөл болно. Тэгээд өөрсдөдөө хамаатай хууль шийдвэрийг батлалцдаг байх ёстой.
Асуудал хүндээ биш тогтолцоондоо байна. Мажоритар тогтолцооны сул тал нь мөнгө санхүү, хүн хүчний нөөц их шаарддаг учраас нийгмээ төлөөлөх хүмүүс орж ирж чаддаггүй нь үнэн. Улс орноо тойрогт хуваасны сул тал маш их байна.
Жишээ нь, би Баянзүрх дүүргээс сонгогдсон. Тэгээд зөвхөн Баянзүрх дүүргийн эмнэлгийн асуудлыг яриад байх юм уу. Бүх улс орны хэмжээнд хорт хавдраас сэргийлэх, хөндөх үүрэгтэй эмч хүн ард түмнээ аль тойргийнх вэ гэдгээр нь ялгах эрхгүй шүү дээ. Гэтэл улс төр ийм байдал руу түлхэж байна. Тойрог тойрогтоо эмнэлэг засахаас илүү улс орноо бүхлээр нь харж оношилж эмчилж, урьдчилан сэргийлж чаддаг ийм тогтолцоо хэрэгтэй байна. Тойрогт гишүүд хуваагдаад байгаа төдийгүй сонгогчид бас хуваагдаж байна. Өөрийнхөө тойрогт нэр дэвшсэн хүмүүс дундаа л сонголтоо хийдэг нь сонголт уу, тулгалт уу гэдэг асуудал.
Өнөөдөр эмнэлгийн салбарт 60 мянга гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. 31 жилийн хугацаанд найман удаагийн сонгуульд түүхэндээ зургаахан эмч сонгогдсон байдаг. Яг одоогийн парламентад эмч мэргэжилтэй гурван хүн ажиллаж байна. Бид өнөөдөр 3.4 сая иргэнийг төлөөлж дуу хоолойгоо хүргэхэд цөөдөж байна. Яагаад сувилагч хүн УИХ-ын гишүүн болж болохгүй гэж.
Сувилагчидтай уулзалт хийгээд явж байхад энэ мэргэжлийн үнэ цэн, энэ мэргэжлээр ажиллах хүсэлтэй хүмүүсийг нэмэгдүүлэх бодлого дутагдаж байна гэдгийг бүгд шүүмжилж байна.
Намын жагсаалтын ард хүн нуугдахгүй. Харин ч нэр төртэй, нийгмийн олон янзын төлөөллөөс бүрдсэн жагсаалтын ард нам нь нуугдана шүү. Өнөөдөр хүн нуугдаад байхаар нэр хүндтэй нам ч алга” гэв.
Сэтгэгдэл (2)