Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын дэргэдэх Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонтой холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич Ж.Амарсанаагаас зарим асуудлыг тодрууллаа.
-Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх шийдвэр гарсныг та юу гэж үзэж байна вэ?
- Иргэний хуулийн дагуу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах гэж байдаг. Энэ нь 6 хэлбэртэй. Түүний нэг нь нэгтгэх. Нийлүүлэх гэвэл Хууль зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын дэргэд авчирч наах юм. Нэгтгэх гэдэг нь энэ хүрээлэн, УИХ-ын Тамгын газрын судалгааны хүрээлэнг хоёуланг нь зэрэг татан буулгаад дундаас нь нэг институт байгуулах асуудал шүү дээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажил юу гэвэл ердөө шүүгч, прокурор, өмгөөлөгч гурвыг хуучнаар бол давтан сургах, орчин үеийнхээр үргэлжилсэн сургалт буюу тасралтгүй сургалтын ажлыг зохион байгуулах юм. Энэ явцад Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Прокурорын байгууллагууд дэргэдээ судалгааны хүрээлэнгүүдтэй болсон. Ингэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажил эрс багассан. Ийм үед нь нэгтгэж байгаа нь буруу биш. Хүрээлэнгийн ажлыг 20 жилийн өмнөх хэмжээнд хүртэл сэргээхийн тулд одоо таван жил шаардлагатай. Энэ байгууллагын үйл ажиллагаа унтарлаа хэмээн зарим хуульчид шүүмжилж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа удирдлагаас шууд хамаарч байдаг.
-Дэлхийн банктай байгуулсан гэрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнг хэрхэн ажиллуулахаар заасан байдаг вэ?
- Дэлхийн банктай 2002 оны нэгдүгээр сарын 22-нд гэрээ байгуулж, УИХ-аар соёрхон баталсан. Анх гэрээ байгуулахдаа Хууль зүйн үндэсний хүрээлэнг дээр дурдсан байгууллагуудтай хамтарч ажиллуулахаар тусгасан гэсэн. Гэтэл манай улс дотооддоо хууль гаргаад үйл ажиллагааг нь салгачихсан. Ингээд гэрээгээ зөрчиж эхэлсэн гэсэн үг. Энэ гэрээ 2040 оны долдугаар сарын 15-нд дуусна. Олон улсын гэрээнд тооцогддог. Гэхдээ 2040 он хүртэл бид ажил хийгээд, тэд даалгаад байна гэсэн үг биш. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлчихсэн. Тэгэхлээр 2040 оны 7 сарын 15-ны өдөр гэхэд манайх зээлээ төлж дуусах л ажил үлдсэн.
-Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгалаа гэх шүүмжлэл гараад байна. Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?
- Иргэний хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн болоод Парламентын сургалт, судалгааны төвийг хоёуланг нь татан буулгаад нэгтгэх гэдэг үйл явц өрнөх байх. Тэгэхээр нэгийг нь нөгөөд нь нийлүүллээ гэж ойлгох хэрэггүй. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол ашигт үйлийн коэффицент нь нэлээн доошоо уначихсан. Ний нуугүй хэлэхэд энэ байгууллагын үйл ажиллагааг сэргээхэд таван жил шаардлагатай гэдгийг давтан хэлмээр байна.
Сэтгэгдэл (1)