УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр, “ХЭҮК-ын энэ удаагийн тайлан бол Засгийн Газрын үнэн төрхийг илчилсэн сайн тайлан болсон. Гэхдээ үүнийг мэдчихээд мэдээгүй юм шиг арга хэмжээ авахгүй яваад байгаад харамсаж байна. Та нарын оруулж ирж байгаа зүйлд ерөнхий юм ярьсан болохоос биш ингэж шийдье, тийм заалтанд ийм зүйл оруулъя гэдэг юм ерөөсөө байхгүй юм. Энэ тайлангаас 98 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлаад байна гэсэн байна.
2022 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлээр Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг нэрийн дор нийт 870 хүнийг баривчлан хорьсон байгаа юм. Түүний талыг нь шүүхийн шийдвэр гараад үргэлжлүүлэн хорисон. Үлдсэн талыг нь суллаад явуулсан. Энэ юуг илэрхийлж байна вэ гэвэл, тэнд хэлмэгдлийг бий болгож байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч өөртөө давуу эрх авчхаад тэр хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор хүмүүсийг баривчилдаг ийм зүйл хэрээс хэтэрсэн нь харагдаж байна. Тайланд энэ зүйл заалтыг болиулъя гэдэг санал байхгүй байна. Аль болохоор хүнийг хорих тухай яриад байдаг ийм Хүний эрхийн комисс гэж юу байдаг юм. Тэр шалтгааныг нь арилгах талаар ажиллах ёстой” гэв.