УИХ-ын ээлжит чуулганаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хүмүүсийг торгож байгаа асуудал дээр Б.Пүрэвдорж гишүүн сүүлийн хоёр, гурван жил идэвхтэй дуугарч хуулийн төсөл санаачилсан байгаа юм. Судлаад үзэхэд олон зуун иргэдийг торгосон гэдэг нь үнэн юм билээ. Цар тахлын үеэр олон сэтгүүлч торгуулсан мэдээ гарсан. Хүний эрхийн комисс ч энэ асуудал дээр зүгээр суугаагүй. Тайланг нь үзэхэд ажил хэрэгч хандсан байна. Тайлан илтгэлийг нь бид ингэж хоёр өдөр эрх болгоноор нь танилцаж сонсож байгаагүй юм билээ. Энэ 600 орчим хуудастай тайланд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай загвар хуулийн төсөл", дагалдах эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг хавсаргаад гишүүдэд тараачихсан байна.
Дүн нуруу нь гарчихсан сайн хуулийн төсөл байна. Тиймээс ХЭҮК-д гүүр болж, хамтраад энэ хуулийн төслийг өргөн барьчихвал яасан юм бэ. Хүний эрхийн төлөө нам үл харгалзан хоёулаа манаач хийе"
гэсэн санал хэллээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)