Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох таван эшлэлийг танилцуулж байна.
-Нэг-
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийнсайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч,төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ.
Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой.
-Хоёр-
Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.
-Гурав-
Тусгаар тогтнол, ардчиллын амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг хамгаалж, өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг цэглэж, ард түмний ашиг сонирхлыг дээдэлсэн, иргэний төлөөлөх эрхийг жинхэнэ утгаар хангасан, ёс зүйн манлайллаар хүлээн зөвшөөрөгдсөн шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн үүрэг хариуцлага өнөөдрийн парламентын гишүүд Та бидэнд ногдож байна.
Ёс суртахуун, сахилга хариуцлага, ардчилсан эрхзүйт нийгмийн манлайлал Та биднээс, өөрсдөөс маань, энэ танхимаас эхлэх учиртай. Ингэж чадахгүй бол баталсан хууль тогтоомжоо ягштал мөрдөхийг төрийн албан хаагчдаас, ард иргэдээсээ хэрхэн шаардах билээ.
-Дөрөв-
Олон жил салаалж ургасан, суурь нь газрын хөрснөө бэхжиж томорсон, системийн авлигын аварга том царс мод нүд ирмэх зуур нурчихгүй нь ойлгомжтой. Худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхээс эхлээд хууль шүүхийн байгууллагад шигтгэсэн хувалзуудаараа хугацаа хожих, улмаар хулгайг хамгаалах зохион байгуулалттай тогтолцоо үүсгэх зэргээр авлигын эсрэг тэмцлийг саармагжуулахын тулд эцсийн бүх л мэхээ хэрэглэх болно. Бусад улс орнуудын авлигатай хийх тэмцлийн түүх ийм л байсан. Гагцхүү бид тууштай байж, ялах л учиртай. Мэдээлэл ил тод, нээлттэй болж, иргэд мэдээлэлжин хэрсүүжих тусам авлигын систем задран унасаар байх болно.
Зөв зүйл, үнэн байдал ялах нь цаг хугацааны л асуудал байдаг нь ардчилсан нээлттэй засаглалын давуу тал билээ.
-Тав-
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм. Мөн ирээдүйд олон улс төрчид, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл (5)