Хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр тохиож байна. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим сэтгүүлчийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна. Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ.
Хүн бүрийн мэдэх эрхийн хамгаалагч, хөшүүрэг бол Хэвлэлийн эрх чөлөө гэж хэлмээр байна. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд тунхаглаад өгчихсөн. Тэрхүү эрхийг хамгаалагчийн үүргийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид гүйцэтгэж байдаг. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад бол иргэн бүрийн мэдэх эрхийг хангуулах гэж мэдээлэл цуглуулж, мэдээллийг дамжуулж байгаа. Энэ жил Юнескогоос "Хүний эрхийн ирээдүйг бүтээх нь: Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг" уриан дор Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхээр боллоо. Монголд ч мөн адил. Эндээс харвал хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх иргэн бүрийн эрх нь зоосны хоёр тал шиг гэж болно. Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэхэд болно. 2023 онд ч хэвлэлийн эрх чөлөөний индексээр байр ухрахаар байгааг судлаачид хэлж байна. Шалтгаан нь улс төрч, эрх мэдэлтэн, төрийн албан тушаалтнуудын хуулиар далайлгаж хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах гэсэн оролдлогыг тасралтгүй хийж байна. Өнөөдөр 15 орчим хуульд хэвлэлийн салбарын ажиллагсдыг мэдээлэл цуглуулах, дамжуулахад нь саад учруулах заалт оруулжээ. Мөн сэтгүүлчийг бичсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн ял тулгаж байна. Хэн нэг эрх мэдэлтний дохиураар дурын цагдаа сэтгүүлчийг шалгах, байцаах нэрээр залхаан цээрлүүлж байна шүү дээ. Энэ бүхний эсрэг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүн бүр санаа сэтгэлээ чилээж, нэгдэн дуугарах цаг болсон. Үүнийг мэргэжлийн байгууллагууд эхлүүллээ. Одоо илүү хүчтэй эрхээ хамгаалах дээр бид дуугарах цаг болсон.