Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой дахин уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсад тавтай морилохыг урив. Тэрбээр, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ хугацаанд хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлоод Өргөмжит консул Ш.Каваүчийг хоёр орны соёл, урлаг, спортын харилцааг эрчимжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн Тэнри Их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний “А” хувилбарыг өөрийн зардлаар хийлгэж, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрт хандивласанд Өргөмжит консул Ш.Каваүчид талархал илэрхийлэв.
Ноён Каваүчи Широ цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, “Хоёр улсын соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Хүүхэд залууст зориулсан тийбол спортыг Монголд дэлгэрүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх болон бусад орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ. Уг спортоор бүх насныхан хичээллэх боломжтой багийн спорт бөгөөд багийн бүх гишүүн тэгш оролцоотой байдгаараа давуу талтай. Ирэх 7 дугаар сард болох Японы тийболын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчдыг урилгаар оролцуулахаар болсныг Өргөмжит консул Каваүчи Широ хэлэв. Тэрбээр цаашид хоёр улсын соёл, спорт, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж, муж дүүрэг, орон нутгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Японы ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөл хоёр улсын харилцааны чухал суурь болохыг дурдаад Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.
Өргөмжит консул Каваүчи Широ нь 2019 оны 10 дугаар сард Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон. Тэрбээр 2017-2020 онд Монгол Улсын соёлын элчээр ажиллажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.