Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг баяр ёслолын хэмжээнд тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн туурвих эрх, мэргэжлийн ёс зүйтэй холбож тайлбарлах нь сэтгүүлчдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл, Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүл зүйн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим сэтгүүлчийн үзэл бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна.
Сэтгүүлч, зохиолч Д.Дамдинжав хэвлэлийн эрх чөлөө, Монголын сэтгүүл зүйн нөхцөл байдлын талаар ийн тодорхойллоо.
Манайд хэвлэлийн эрх чөлөөний хоёр туйлт үзэл бодол ноёлдог. Зарим нь “Хэвлэлийн эрх чөлөө хэтэрлээ, түүнд хазаар ногт хэрэгтэй” гэдэг. Гэтэл зарим нь “Хэвлэлийн эрх чөлөө дутмаг байна” гэх нь бий. Харин би “Та нар нэг зүйлийн тухай хоёр өөрөөр хараад байна уу? Эсвэл хоёр өөр зүйлийг нэг ойлголтод багтааж яриад байна уу?” гэж асуумаар санагддаг юм.
Тиймд хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголтоо эхлээд нэгтгэх ёстой мэт. Энэ яг ямар эрх чөлөөг хэлээд байна вэ? Хэн нэгнийг гүжирдэж, доромжлох, гүтгэх болон гутаан доромжлохоо эрх гэж ойлгоод байна уу. Эсвэл мөнөөх хардах эрх гэгчээ тэгж нэрийдээд байна уу.
Миний бодлоор зөвхөн баримт болон мэдээллийг олж авах, түүнийгээ түгээхтэй холбоотой эрхийг л хэвлэлийн эрх чөлөө гэж ойлгодог. Энэ эрх, ийм боломж нөхцлийг л хуулиар хангах, хамгаалах тухай яриа. Хуулинд энэ эрхийг хаан боогдуулж, хавчиж хяхсан заалтууд хэр их туссан эсэхээр хэвлэлийн эрх чөлөө хэмжигдэнэ. Адаглаад л мэдээллийг олж авахын тулд эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчилж өгөх хэрэгтэй. Жишээ нь, “Эх сурвалжаа хэл. Хэн чамд энэ баримтыг өгсөн бэ?” гэж байцаадаг тогтолцоотой үед мэдээллийн ил тод байдал, эрэн сурвалжилга хөгжих боломжгүй. Мөн олж авсан мэдээллээ түгээхтэй холбоотой цензур, хориг, хяналтыг хуулиар хааж өгөх ёстой. Харамсалтай нь, манайд энэ эрхүүдийг хясан боогдуулсан түм буман дүрэм журам, хууль эрх зүйн орчин бий.
Нэмээд төр засаг буюу эрх баригчдын зүгээс хэвлэлийн эрх чөлөөг нухчих хүсэл сонирхол байнга цухалздаг. Бүр үеийн үед шүү. Тэд яагаад энэ эрх рүү дайрах адын хүсэл агуулаад байна вэ гэдгийг олон нийт ойлгож анзаарах хэрэгтэй. Товчхондоо муу муухай, булхай хулгайгаа нуухын л тулд юм шүү дээ.
Мэдээллийн ил тод байдлын цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй, тэгш бус байдал, алдаа завхрал нуугдах боломжгүй болно. Тиймээс хэн ч байсан энэ чигт байнга нүд, чих тавьж байх хэрэгтэй санагддаг. Хэвлэлийн эрх чөлөөг хазаарлах, хязгаарлах оролдлого бүрийг нүд, чих, ам гурвыг тань таглах гэсэн санаархал гэж ойлгох ёстой юм.