Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй эрх чөлөөт улс орны хэн бүхэнд хамаарах дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр өнөөдөр тохиож байна. "Цахиур.мн" сайтын ерөнхий эрхлэгч Ц.Анхзул хэвлэлийн эрх чөлөө, Монголын сэтгүүл зүйн нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Иргэдийн нүдээр манай улсад сэтгүүлчид чөлөөтэй ажилладаг мэт харагддаг ч бодит байдал дээр байнгын хяналт, дарамт шахалт, чиглүүлгэн дор ажлаа хийдэг. Ялангуяа эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлчдийн “амыг барих”, судалсан баримт мэдээллээ олон нийтэд “цацахгүй” байлгахын тулд маш олон бохир үйлдлүүдийг хийж, дарамталдаг. Үүний нэг нь Эрүүгийн хууль, хорих ял сануулж, цагдаагийн байгууллагаар залхаан цээрлүүлэх явдал болоод байна.
Сэтгүүлчид шалгагдахдаа баримтаа гаргаад өгдөг. Гэтэл цагдаагийн алба хаагчид тухайн баримтад анхаарлаа хандуулах биш, харин “тухайн баримтыг хаанаас олж авсан”-д анхаарлаа хандуулж, сэтгүүлчийг эх сурвалжаа ил болгохыг шаардсаар байдаг нь ажлаа чөлөөтэй хийх эрхийг боомилж байгаа хамгийн “хорон” арга юм.
Сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульд тусгаагүй учир эцэст нь эрүүгийн ялтан болох байдал нэмэгдсээр байна. Эх сурвалжаа нууцлах эрхийг хуулиар олгоогүй тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөний талаар яриад ч хэрэггүй. Нөгөө талаас сэтгүүлч эх сурвалжаа илчлэх нь тухайн мэргэжлээрээ дахин ажиллахгүй болох хамгийн том шалтгаан мөн.
Тэгэхээр ямар ч сэтгүүлч эх сурвалжаа илчлэх биш, харин өөрөө хэрэгтэн болох арга замыг сонгож байна.
Түүнчлэн сэтгүүлч баримт мэдээллийг ил болгосноор цахим дайралтад өртөж, нэр төрөөрөө гутаагдан, хохирч байна. Сэтгүүлчид рүү чиглэсэн хамгийн бохир энэ технологи дэлхий дахинаа гаарч байгааг судалгаа ч харуулжээ. Тухайлбал, эмэгтэй сэтгүүлчдийн 75 хувь нь цахим халдлагад, дөрвөн эмэгтэй сэтгүүлч тутмын нэг нь бодит халдлагад өртөж байгаа дэлхий дахины судалгааг ЮНЕСКО зарласан. Манай улсад ч энэ байдал ижил байгаа ба сэтгүүлчдийг цахимаар гутаан доромжилж, хувийн байдлыг нь олон нийтийн өмнө худал мэдээллээр ил болгож, цаашид ажлаа хийх нь байтугай амьд явах аргагүй болгож байгаа тохиолдлууд ч гарсаар байгаа нь харамсалтай. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг сэтгүүлчид бид баяр болгон тэмдэглэхээс илүү эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо гаргаж, ажиллаж, хөдөлмөрлөх эрхээ хуульд тусгуулах нь нэн чухал байна.
Сэтгэгдэл (1)