ЗТХ-ийн сайд С.Бямбацогт зам, тээврийн салбарт боловсон хүчний хомстолд орж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр, “Энэ тавдугаар сарын 18-ны өдөр Блү Скай (Blue Sky) тауэрт манай салбарын боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх асуудлаар, нийгмийн асуудлаар хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар үзэсгэлэн, яармаг зохион байгуулна. Үүнд манай яамны бүх харьяа байгууллагууд, авто тээвэр, авто замын компаниуд оролцоно. Зам тээврийн салбар бол хамгийн чухал салбар. Тийм ч учраас энэ салбарын хөгжлийн асуудалд хүний нөөцийн асуудал, хүнээ хөгжүүлж, чадавхжуулах, энэ салбарын боловсон хүчнийг тогтвортой бэлтгэх нь чухал байна.
Одоогийн байдлаар энэ салбарт 40 мянга гаруй хүн ажиллаж байгаа. Улирлын чанартай буюу зун ажилладаг хүмүүсийг оруулбал 50 мянга орчим хүн ажилладаг. Сүүлийн жилүүдэд салбарын боловсон хүчний бодлого алдагдаж байна. Энэ салбарт ажиллах хүчний нөөц хомсдож байгаа.
Тиймээс сайд болсныхоо дараа энэ талд илүү анхаарч бодлого гаргасан. Хүний нөөцөө хэрхэн яаж бүрдүүлж, сургаж дадлагажуулах вэ, энэ салбарын ажилтан, албан хаагчийг найдвартай, тасралтгүй, чадварлаг хүний нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэг талаар.
Нэгдүгээрт, энэ салбарт ажиллахаар суралцаж байгаа оюутны тоог нэмэгдүүлж, оюутнуудын сурах боломж бололцоог илүү сайн нэмэгдүүлье гэсэн бодлоготой байна. Өнөөдрийн байдлаар гадаадад 400 орчим оюутан, дотоодод 3000 орчим оюутан энэ салбарын мэргэжилтэн болохоор бэлтгэгдэж байна. Тухайлбал, БНХАУ-д 160 орчим оюутан Засгийн Газрын тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлж байна. ОХУ-ын Зам тээврийн сургуульд 100 орчим оюутан тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүллээ. Өнөөдөр гэхэд, Герман улс руу 100 хувийн тэтгэлгээр 15 оюутныг сургахаар болсон. Энэ байдлаар БНХАУ, ОХУ, Герман улс, БНСУ болон Катар улсуудад тухайн улсынх нь зардлаар сургах бодлогыг барьж байна. Мөн энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын замын зардлыг салбарын харьяа байгууллагуудаас тодорхой хэмжээгээр хөнгөлж, дэмжлэг үзүүлэх бодлогыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн.
Зам тээврийн салбарт боловсон хүчний эрэлт их байна. 2030 он гэхэд энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин 22 мянгаар нэмэгдэх тооцоо гарсан. Цаашид төмөр замын салбарт ажиллах хүчний тоо 30 орчим мянгаар нэмэгдэх шаардлагатай байна. Гэтэл одоо бэлтгэгдэж байгаа боловсон хүчин маш дутагдалтай байна.
Хоёрдугаарт, зам тээврийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтэн, боловсон хүчнүүдээ тогтвор суурьшилтай ажиллах бололцоог нэмэгдүүлэх үүднээс бид Буянт-Ухаад 6 га газарт тээвэрчдийн хотхон барих гэж байна. Нийт 1400 орчим айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв болон салбарын зарим байгууллагын албан оффисыг тэнд цогцоор нь барина” гэв.
Сэтгэгдэл (1)