Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг УИХ-аар эцэслэн баталсан талаар УИХ-ын гишүүн Д.Батлут мэдээлэл өглөө.
Тэрбээр "Малчид, тариаланчдын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлэх, аливаа үйлчилгээнд хамрагдах боломжийг нээх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Одоогийн байдлаар 305,000 орчим малчин байгаа нь нийт ажиллах хүчний 1/4 хувийг эзэлж байна. Эрэгтэй малчдын 33 хувь, эмэгтэй малчдын 38 хувь нь нийгмийн даатгал төлдөг. 25 хүртэлх насны залуу малчдын 82 хувь нь нийгмийн даатгал төлдөггүй гэх судалгаа бий.
Өөрөөр хэлбэл, нийт малчны 35.2 хувь нь буюу 107,000 нь нийгмийн даатгал, 59.5 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж байна. Эрсдэлтэй нөхцөл үүсэхэд бэлэн байх зорилгоор малчид, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрлөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгал суутган төлүүлэхээр боллоо.
Малчид жилдээ дөрөв орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг ч 17-18 тэрбум төгрөгийн үйлчилгээ авдаг. Жилд хоёр удаа төлөх боломжийг бүрдүүлнэ. Төрөөс малчдад ноос ноолуур, арьс шир, сүү, улаанбуудайн гэсэн дөрвөн төрлийн урамшуулал олгож байгаа" гэв.