Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаар тогтсон бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
- Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хятадын зах зээлд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах,
- Хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх,
- Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах асуудлыг урагшлуулах,
- Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад аялах хятад жуулчдыг татах, аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, энэ хүрээнд хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх,
- Цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах асуудлаар хоёр талын судалгааны багийг 2023 оны 5, 6 дугаар сард Бээжин, Улаанбаатар хотноо ажиллуулах,
- Монгол Улсад 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах,
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон “Ерөнхийлөгч нарын нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв” болон “Үндэсний урлагийн их театр” байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах багийг 2023 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод ажиллуулах,
- Монгол Улсын нар, салхиний эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах, зэрэг болно.
Түүнчлэн энэ удаагийн албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэлийг сайтар хангах, энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын харилцаа холбоог эрчимжүүлэх талаар санал солилцсон болно.