УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, хурлын шийдвэрийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Тэрбээр, “Хуралдаанд хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн Газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн. Зарим оронд сууж буй элчин сайд нарыг эргүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Өнгөрсөн наймдугаар сард УИХ-аас 34, 54 дүгээр тогтоол гаргаж ҮХЦ-ийн 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн Газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн Газар нэлээд удаан хугацаанд судалж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан. Энэ төслийг болвсруулаад иргэд, улс төрийн намууд, ТББ-уудаас тодорхой санал авахаар ХМХ-ээр танилцуулга өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр Засгийн Газраас УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудад намынхаа болон намын бүлгийн хурлаараа хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж ирүүлэх санал тавьсан. Үүнтэй холбоотой бүлгийн хурлаараа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.
Гарсан шийдвэр нь, Засгийн Газраас боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Төслийг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг шийдвэр гаргасан. Хугацааны хувьд зургадугаар сарын 20-ны дотор амжуулна гэж тооцож байгаа.
Хоёрдугаарт, ерөнхийлөгчөөс УИХ-д хэд хэдэн элчин сайдыг эргүүлэн татах, дөрвөн улсад суух элчин сайдыг томилохыг зөвшилцөх санал ирүүлсэн. Канад улсад Сарантөгсийг, Япон улсад Баярсайханыг, Солонгос улсад Энхбатыг, Куба улсад Золжаргалыг томилох санал байна. Энэ саналыг МАН-ын бүлгээр хэлэлцэж зөвшилцөх нь зүйтэй гэж үзэн, зөвшилцөхийг дэмжлээ” гэв.
Сэтгэгдэл (1)