Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Гэрэгэ бондын төлбөр бүрэн төлөгдөж дууслаа. 1990 оноос хойш санхүүгийн харилцаанд орж, олон улсын байгууллагууд, дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхий нийтийн олон талт институтэд оролцож эхэлсэн. Ийнхүү цоо шинэ харилцааны түүх эхэлсэн байдаг. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар зургаан багц бондын 2,9 тэрбум ам.долларын өрийг бид хүлээж авсан. Үүнээс хойш бид бондыг хоёр аргаар зохицуулалт хийж байгаа. Төсөв өөрөө дааж чадах эсэхээр нь шууд төлөөд явж байгаа. Дааж чадахгүй хэсгийг нь хугацааг нь хойшлуулах, хүүгийн зардлыг нь багасгах зорилготой дахин санхүүжилтүүдийг хийгээд явах. Ийм дунд хугацааны стратегийн УИХ-аар батлуулаад энэ хүрээндээ ажиллаж байна.
Дефолт зарлах дөхсөн эрсдэлтэй үеүдэд маш амжилттай зохицуулалтуудыг хийж ирсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын Чингис бондын өр төлөгдөж дууссан. Чингис бондын тал эх үүсвэр нь Хөгжлийн банкин дээр чанаргүй зээл болоод байгаа юм. Олон улсын санхүүгийн зах зээлд хүлээсэн үүргийн хүрээнд Засгийн газар өрөө төлж барагдуулсан. Мөн дөрөвдүгээр сарын 28-нд Гэрэгэ бондын үлдэгдэл болох 368.7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Гэрэгэ бондыг 2017 онд авч байсан. Ингэснээр хоёр бондын өр бүрэн төлөгдөж, дөрвөн бондын өр үлдэж байна" гэв.
Д.Батчулуун