Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анхны 11 цэргийн гарамгай зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон түүхтэй. Улмаар 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн нь генерал цолтнуудаа алдаршуулах, тэдний хийж бүтээсэн үйл хэрэг, дайчин замналыг иргэд, залуучууд, хойч үеийнхэнд сурталчлан таниулах, монгол бахархал, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх өндөр ач холбогдолтой болсон юм.
Тэгвэл энэ баярт өдрөөр УИХ-ын дарга Г.Занданшатар генерал цолтонгуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр “Монголчуудын цэргээ засах эрдэм ухаан дэлхийд зартай. Эзэн Богд Чингисийн суут жанжин Мухулай, Сүбээдэйгээс эхлээд жанжин Сүхбаатар, ардын Хатанбаатар Магсаржав, залуу жанжин Ж.Лхагвасүрэн, “парад” Ёндон гэх мэт эх орончид, генералуудын гавьяат үйлс, домогт амьдрал Монголын бахархал юм.
Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн "нууц" нь болсоор иржээ. Эх орон, ард түмнээ батлан хамгаалагчдын дэрвэх туг, дээдлэх сүлд нь болсон эрхэм генералууд Та бүхэндээ идрийн золбоо, эр цэргийн хийморь, урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе. Монгол генералын яруу алдар ямагт бадрах болтугай!” гэв.