УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.2 дахь заалтыг дэмжихгүй байгаа юм. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Гэтэл өөр хуулиар явчиж байгаа юм. Энэ иргэдэд асуудал болно. Аялал жуулчлалаа хөгжүүлье гээд яриад байна.
Гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй.
Х.Ганхуяг гишүүнээ, Б.Бат-Эрдэнэ сайдаа та нар хулгайгаар хууль оруулж ирээд байна шүү. Өмнө нь хулгайгаар шахуу орсон хууль. Бүх газар дуудлага худалдаагаар өгнө л гэж ярьдаг. Аялал жуулчлалыг нээлттэй болгоод тусгай хамгаалалтын бус газар зүгээр явна гэж байна. Тусгай хамгаалалт дээр очихоор зөвшөөрөл авна гээд явдаггүй. Нэг их гоё хууль гаргана. Гэтэл Тусгай хамгаалалтын хуулиар өөрчлөгдөхгүй. Тиймээс 3.2 дахь заалтыг дахин оруулж ирж, ярилцах хэрэгтэй.
Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалтын газар байгаа шүү. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй. Тухайн газарт амьдардаг иргэдэд хохирол амсана. Өвөлжөө, хаваржаа барих эрхгүй, түлээний мод хагалах эрх байдаггүй. Өөр бүст очих шаардлагатай болдог.
Хамгаалах нэрийдлээр өөр хэдэн хүний хамгаалалтад өгөөд нутгийн иргэдээс илүү буруу ашигладаг. Хамтад нь явах ёстой.
Яг гараад хэрэгжихээр асуудал гарна шүү. Аялал жуулчлалын хоёр хуультай болох гээд байна" гэв.
Д.Батчулуун