Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын талаарх мэдээллийг ил тод болгож иргэний мэдэх эрхийг хангахыг УИХ-ын Ёс зүй сахилга хартуцлагын байнгын хороо болон Их хурлын тамгын газарт үүрэг болголоо.
Тэрбээр "Гишүүдэд анхааруулах зүйл бий. Та бүхний чуулганы хуралдаанд оролцож байгаа ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналыг дэмжсэн, дэмжээгүй эсэх талаарх мэдээллийг нээлттэй авч байх шаардлагыг иргэд, төрийн бус байгууллагууд тавьж байгаа. Үүнийг судалж үзэхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байх ангилалд хамаарч байна.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалуулах нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй гэж заасан. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх нээлттэй, хүн хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг.
Иймд гишүүдийн хууль батлахад өгсөн санал нууцад хамаарахгүй. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээг ил тод болгохыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон УИХ-ын Тамгын газарт үүрэг болгож байна" гэв.