УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "1990, 2000 оны дунд хүртэл агнуурын асуудал зэрлэг капитализмын зарчмаар буюу хэн илүү мөнгө төлсөн нь явдаг байсан. Үүнийг нь хуулиар зохицуулж, тухайн орон нутагт агнуурын бүс нутгийг гаргаж, тодорхой менежментийн үйл ажиллагаа явуулж, орон нутгийн иргэдийн нөхөрлөл, хоршоог байгуулсан. Үүний үр дүнд агнангаа ан амьтнаа хамгаалах боломжийг бий болгосон.
Гадаад хүн хамгийн сайн анг нь буудаад явчихдаг биш орон нутгийн иргэд ч ашиг хүртэж, ан амьтнаа хамгаалж өвс тэжээл хүргэх нь сайн. Энэ тогтолцоог бас уг хуулийн төслийн анхны хувилбараар шууд дуудлага худалдаанд оруулж, хэн их төлбөр төлдөг нь ангаа хийдэг нөхцөл рүү оруулсан байна. Энэ болохгүй.
Ан амьтанг хайрлаж, хамгаалдаг хүнгүй болохоор нөгөө менежмент байхгүй болох хувилбар руу орж байсан. Би ажлын хэсгийн ахлагчид энэ талаар хэлж, агнангаа хамгаалах нь зүйтэй гэдгээ хэлсэн. Энэ асуудал яаж хуульд орсон бэ" гэв.
Д.Батчулуун