Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментийг хийж байгаа юм. 2022 оны есдүгээр сард гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах арга хэмжээг авсны үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа.
Удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой "Гэрэгэ" бондын 368.7 сая долларыг төлөх ажлаа бүрэн хангасан. Энэ нь үлдэгдэл өр юм.
Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна. 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх "Самурай" бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан. Харин есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая долларыг бэлтгэхээр ажиллаж байна. 86 сая долларын бондыг эргүүлэн худалдаж аваад 500 сая долларын өр 415 орчим сая доллар болсон. Энэ оны эхний хагас жилд гадаад өрийг 400 сая доллар руу оруулна.
Есдүгээр сар хүртэл Хөгжлийн Банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх, бусад боломжит эх үүсвэрүүдийг цуглуулах замаар "Евро" бондын өрийг төлнө. Хөгжлийн Банк төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөс өөр үггүй тул энэ оны төсөвт Засгийн газрын баталгааг нөөцөлсөн байгаа. Гэхдээ аль болох энэ баталгаа руугаа орохгүйг хичээнэ.
Мөн ерөнхий эдийн засгийн чиг хандлага тотворжих, цаашид өсөх суурь бий болж байгаа ч олон улсыг харахад эдийн засгийн нөөцөө сайн төлөвлөх хэрэгтэй болж байна. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийн тоонуудаа ЭЗХЯ-тай хамтарч хийлээ.
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ний бодит өсөлт ирэх жил 6,5, инфляц 8 хувьд хүрч, энэ хязгаарт нь барина.
Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум буюу өмнөх жилийнхээс 11 хувийн өсөлттэй. Зарлагын дээд хэмжээ нь 2024 онд 22 их наяд 996,1 тэрбум буюу өмнөх оноос 12 хувийн өсөлттэй байхаар төлөвлөлөө. Алдагдал буюу нэгдсэн тэнцэл маань 2,8 хувь дээр барьж байгаа. Алдагдлын хэмжээ 1 их наяд 832,9 тэрбум төгрөг байх төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулсан" гэв.
Сэтгэгдэл (1)