БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өчигдөр эхэлсэн. Тэрбээр гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт ирсэн билээ. Албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн ч БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын богц задарсаар байна.
Нэг. Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээж, албан ёсоор нээв
Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин Сайдын Яамаа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны есдүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хааж байв. Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээсэн ч 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран суух болсон юм. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Хоёр. БНПУ-д сурах Монгол оюутны тоог нэмэгдүүлнэ
Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна монгол оюутны тоог нэмэгдүүлнэ гэв. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Гурав. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ
Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, манай улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгаа билээ.
Дөрөв. Хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэв
Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн, сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрчээ.
Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжинэ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр болов.
Д.Батчулуун