Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж буй билээ. Хоёр орны ерөнхийлөгч өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ Польш улсын Элчин Сайдын Яамыг сэргээн, албан ёсоор нээхээр болсныг онцолсон.
Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин Сайдын Яамаа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны есдүгээр сард Улаанбаатар дахь ЭСЯ-аа хааж байв.
Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээсэн ч 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран суух болсон юм. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна. Түүнчлэн тус улсын Консулын газар Монголд 2024 онд нээгдэхээр болоод буй.