Сүхбаатар дүүргийн иргэдэд УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар хараа зүйн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийжээ. Тодруулбал, БНСУ-ын “Южин Оптикал” (Yujin Optical) нүдний эмнэлгийн хамт олон нэг сарын өмнө манай улсад хүрэлцэн ирж 580 гаруй хүнд хараа зүйн цогц үйлчилгээ үзүүлжээ. Мөн шаардлагатай иргэдэд харааны шилийг нь үнэ төлбөргүй тохируулан хийснийг өнөөдөр гардуулан өглөө.
Тэрбээр, “Миний хувьд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш нийслэлийн хэмжээнд сонгогдсон тойрог болон бусад дүүрэгт эрүүл мэндийн үзлэг оношилгоог зохион байгуулсаар ирсэн. Олон улсын байгууллагууд, БНСУ-ын эмч нартай хамтарч анхан шатны үзлэг оношилгоог жил бүр хэрэгжүүлдэг байсан. Энэ удаа Сүхбаатар дүүргийн Намын хорооны даргаар ажиллах болсонтой холбогдуулж Сүхбаатар дүүргийнхээ ахмадуудад зориулсан эрүүл мэндийн үзлэг оношилгоог өнгөрсөн сард зохион байгуулсандаа сэтгэл дүүрэн байна. Иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах нь УИХ-ын гишүүд, төрийн түшээдийн үндсэн үүрэг. Тийм ч учраас улс, нийслэл, дүүргийн төсөв шаардахгүйгээр өөрийн харилцаа, хамтын ажиллагааны тусламжтайгаар олон ажлуудыг өрнүүлдэг.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд давхардсан тоогоор 35 мянган иргэнийг урьдчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна. Тухайн жилээсээ шалтгаалаад аль чиглэлийн оношилгоо хийх вэ гэдгээ шийдвэрлэдэг. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээндээ сэтгэл шингэсэн олон ажлуудыг хийдгийн нэг нь эрүүл мэндийн үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд. Олон ажлуудыг “Сайн Учрал сан”-гаараа дамжуулж хийдэг. Цаашдаа эрүүл мэндийн салбарт байгаа өөрийнхөө гадаад харилцаа, хамтын ажиллагааны тусламжтайгаар энэ ажлуудыг иргэддээ хүргэх чиглэлээр онцгой анхааран ажиллах болно. Энэ бол УИХ-ын гишүүн байх эсэхээс үл хамаараад цаашдаа энэ ажлууд үргэлжилнэ” гэв.
Р.Батхишиг