Хөгжлийн банкны гэм буруугийн шүүх хуралдаан долоо дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээд оролцож буй юм. Эдгээр өдрүүдэд яллагдагчаар татагдсан хүмүүс үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд тэдгээр хүмүүсийн шүүх хуралдааны үеэр хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
1. ЕРӨНХИЙ САЙД АСАН Н.АЛТАНХУЯГ
- Сэтгэл гаргаж ажилласан нь шүүгдэж, хулгай дээрэм хийсэн нь гадуур зугаалж явдаг ийм нийгэм бий болж байна.
- Ард түмний өмнө нүүр бардам зогсож байгаад цааш харчихмаар байна.
2. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД АСАН Н.БАТБАЯР
- Хувийн өмчтэй болсныхоо төлөө эрүүгийн ял шийтгэл авах ийм шүүх хурал болж байгаад харамсаж байна.
- Хүн ардынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажилласныхаа төлөө хэрэгтэн гэдэг нэр зүүгээд сууж байгаа явдал бол шударга ёсонд үл нийцнэ.
3. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Н.МӨНХБАТ
- Яллах талыг хэт баримталсан байгаад харамсаж байна.
- Зээлийн хороог хуралдуулсныхаа төлөө хүртэл буруутгагдаж байна.
4. УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ
- Сошиалаар хүнийг гүтгэсээр байгаад, яллачихдаг байдлыг ойлгохгүй байна.
5. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар
- Би улсад ажилласан ихэнх хугацаандаа төрд зүтгэсэн.
- Би Н.Алтанхуяг, Н.Батбаяр нартай ажил хэргийн талаар ярьж байсан болохоос ямар нэгэн үүрэг даалгавар тэднээс авч байгаагүй.
6. "Алтай групп" ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ
- Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр нь, шударга шийдвэрлээд дуусах байх гэдэгт би одоо ч итгэдэг.
- Хөгжлийн банк гэмт хэргийн мөрөөр олсон мөнгөөр бидэнд зээл олгосон юм уу.
7. УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ
- Би 2008 онд хоёр орон сууц, нэг жип автомашинтай л байсан. 15 жилийн дараа ч хоёр орон сууц, нэг машинтай байна. Олон жил төр засгийн ажил хийчихээд өнөөдөр юу ч үгүй царайлаад зогсож байгаадаа ичиж байна.
- Хөгжлийн банктай холбоотой нэг л сэжүүр илэрсэн тохиолдолд би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн байна.
Д.Батчулуун