"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрбээр "Засгийн газрын 299, 256-аар тогтоолтой холбогдуулан намайг буруутгасан. Засгийн газрыг буруутгах ямар ч шалтгаан байхгүй гэдгийг нотолгоо баримттайгаар самбарт ярьсан. Нотлох баримтуудыг шинэчлэн судлахаар дахиад ярина. Үүнээс цааш Монгол улсын ерөнхий сайдын албыг хэнбугай ч хашсан улс төрийн шинжтэй арга хэмжээнд оролцож, театрт зогсож байх ёсгүй. Хатуу санах хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаа яаж явдагийг мэдэхгүй байгааг нь бол ойлгож байгаа юм. Гэхдээ мэдэхгүйгээрээ далимдуулж бусдыг гүтгэж болохгүй.
Би 2017 оны нэг сард анх яллагдагч гэдэг нэрийг авч үзсэн. Түүнээс хойш гурван жил яллагдагч гэж дуудуулж, 2020 онд гэм буруугүй гэдгийг тогтоосон. Одоо болмоор юм биш үү.
Би "Шударга бусын хонгил" гэдэг номон дээр хууль хүчнийхнийг яаж барьцаалдаг гэдгийг баримттайгаар оруулж өгсөн байгаа. Хүчтэй нь, хулгайч нар нь хүний амьдралаар тоглодог байхгүй юу. Монгол хүн, монголдоо сэтгэл тэнэгэр амьдрах шударга нийгмийн төлөө арван жил их сургуульд багшилж байгаад ардчилсан хувьсгалд оролцсон юм.
2012 онд намайг ерөнхий сайд болоход Монгол улс маш их өртэй байсан. Өр ширэнд баригдсан, солиотой галзуутай улс төрчдийн амлалтаас болоод өчнөөн мөнгө тараасан. "Чингис" бондтой тэнцэх хэмжээний мөнгийг амаараа оруулаад бөгсөөрөө гаргасан байна лээ. Энэ бол улс болоод ард түмнээ боддоггүй, байгалийн баялагийг дээрэмддэг цөөхөн улс төрчдийн балаг. 350 сая долларын өрийг 6,7 жил явж байж дарсан. Хэдүүлээ эдийн засгаа ойлгодог болъё. Биднийг буруутгаад байгаа зүйл бол арван жилийн өмнөх ЗГ-ын тогтоол шүү дээ. 44 тэрбумын хохирол учруулсан ч гэх шиг.
Яахаараа бид гаднаас цемент олж ирэх ёстой юм, яахаараа бид нар 200 сая доллараар армотурын төмөр чирч ирэх ёстой юм. Ерөнхий сайд хүн юу дутагдаад байна гэдгийг харах хэрэгтэй. Ямар компанид, яаж өгөх нь банкны асуудал. Яагаад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй гэж. 2012 онд ойрын зургаан жилд хийх бүтээн байгуулалтын "Шинэ бүтээн байгуулалт" гэсэн хөтөлбөр гаргасан. Түүнд авто зам, станц шинэчлэх, орон сууцны үйлдвэрлэл гээд бүгд орсон.
Одоо ард түмний амьдралыг харахаар гомдмоор, уйлмаар байдаг. Ипотекийн зээлийн хүүг 8 хувь болгохын тулд бид 35 удаа хуралдсан. Улсын хөгжил гэдэг айлд орж ирээд үлдэж байгаа мөнгө. Хийх хүн аргаа олдог. Хоёр жилд 2500 км засмал зам тавьсныхаа төлөө Н.Батбаяр сайд бид хоёр энд зогсож байна. УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүртлээ Алтанхуяг хулгай дээрэм хийсэн байж таарч байна. Гэтэл хулгайчдын зарим нь ордонд, зарим нь гадаадад байх шиг байна.
Хүмүүсийн хувь заяа яригдаж байгаа шүү. Би олон түмнийхээ итгэл найдварыг алдмааргүй байна. Би үр хүүхдүүдийнхээ, ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож байгаад цаашаа харчихмаар байх юм. Цаг цагаараа байдаггүй. Монгол улс хөгжинө, мандана. Би цаашдаа ч тэмцэнэ. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө" гэлээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (7)