Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд яллагдагчаар татагдан оролцож буй. Хуралдааны эхэнд Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр үг хэлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би энэ хуралд орж ирэхдээ өөртэйгөө холбогдсон яллагдагч нарын дүгнэлтийг уншсан. Гэтэл өнөөдөр энд 30 гаруй хүн үг хэлэхэд заримдаа бараг чихэндээ итгэмээргүй үгийг сонсоод гайхаж сууна. Өнөөдөр Монгол Улс эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс. Зах зээлийн харилцаанд шилжсэн Монгол Улсад энэ хурал болж байна.
Зээл авах, зээл олгох асуудал Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Гэтэл өнөөдөр энэ хүмүүст зээл олгосон байдал чинь бусдад давуу тал олгосон байна гээд нэг хэсгийг нь яллаад, зээл авсан чинь улсад хохирол учруулсан байна гэж ялласан ийм хурлын ажиллагаанд сууж байгаадаа туйлын их харамсч байна.
Залуучууд мэдэхгүй байх. 1990 оноос өмнө Монголд зээл гэдэг ойлголт байгаагүй. Хувийн өмч гэж ойлголт байгаагүй. Хувийн өмч гэдэг асуудал 1990 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсад эрх зүйн бичиг баримтад орж тусгагдсан зүйл. 1990 оны ардчилсан хувьсгал Монгол Улсад эрх чөлөөг авчирсан. Эрх чөлөөг авчрахдаа эдийн засгийн эрх чөлөөг авчирсан. Хүн хувийн өмчтэй байх тэр орчныг бий болгосон. Гэтэл өнөөдөр хувийн өмчтэй болсныхоо төлөө, зах зээлийн харилцаанд орсныхоо төлөө, иргэний харилцаанд орсныхоо төлөө эрүүгийн ял шийтгэл авах ийм хурал болж байна. Шүүх хурлыг улс төрийн үйл ажиллагаа гэж дүгнэхээс өөр арга алга" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (14)