УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх эсэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нийгмийн эрүүл мэнд гэдэг хамгаас чухал асуудал. Хүний эрүүл мэндийг хамгаалах, өвдөхөөс урьдчилж сэргийлнэ гэдэг зөвхөн Эрүүл мэндийн яамны асуудал биш улс орны хэмжээнд анхаарах зүйл. Иргэд өөрсдийн эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлж, эрүүлжүүлэхэд дэмжих бодлого хэрэгтэй. Тийм учраас 2-3 бүрэн эрх бүхий парламентаар хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
Иргэд ЭМД төлж байгаа бол түүнд тохирсон үйлчилгээ авах нь зүйн хэрэг.
Гэтэл 2023 онд энэ бодлогоос буцаж байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төвүүдэд одоо ч санхүүжилт дутмаг байгаа. Бусад хөгжингүй улс орнууд хүний хөгжлийг чухалчилж байна. Энэ тал дээр зөвлөлд орох гэж байгаа нэр дэвшигчдээс мэдээлэл өгөөч" гэв.
Д.Батчулуун