Салбар бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд ХҮН намд элсэж, үүнтэй холбоотой ХҮН намаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “ХҮН нам эмэгтэйчүүдийгээ дэмжинэ. Эхний ээлжинд бид нар Улаанбаатар хотынхоо даргыг эмэгтэй хүнээр сонгодог байна гэсэн амлалт өгсөн. Улаанбаатар хотын даргад эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Тэр баг бол мэргэжлийн байна. Үр дүнд нь хот маань хүндээ илүү ээлтэй, ногоон, иргэд, хүүхэд настангууддаа ээлтэй, алхаад явахад ядаж явган хүний замтай, цаашлаад ямар ч гадны зочин ирлээ гэсэн сайхан, уриалгахан, найрсаг ийм хотыг бид нар бүтээнэ гэж зорьж байгаа. Энд эмэгтэйчүүдийн нөлөө их байна гэж бодож байна.
Тэр ч агуулгаараа Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийг дэмжиж ажилладаг, мөн маш олон инженер, эдийн засагч, эрх зүйчид, мөн хот төлөвлөлтийн олон мэргэжилтэн эмэгтэйчүүд өнөөдөр бид нартай нэгдэж байна. Үүгээрээ их онцлог юм. Үүнтэй холбоотойгоор ХҮН нам яг энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явна. Улаанбаатар хот, 21 аймаг, дүүргүүдийн түвшинд бид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон нийгмийн чиглэлээр ажилладаг маш олон эмэгтэйчүүд, мэргэжилтнүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулах гүүр нь болж ажиллана” гэв.
Ийнхүү эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд эрчтэй дэмжих болсон шалтгаанаа, “ХҮН намын зүгээс бид нар “ХҮН 50/50” хөтөлбөрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд зарласан. Гол агуулга нь юу гэхээр, Монгол улс хөгжмөөр байна. Монгол улсын нийт иргэдийн 51 хувиас дээш нь эмэгтэйчүүд байна. Гэтэл шийдвэр гаргах түвшинд нийт эмэгтэйчүүдийн ердөө 20 хүрэхгүй хувь нь байна.
Олон улсад энэ нь 30 хувьтай байна. Монгол Улсын хувьд энэ бол маш тулгамдсан асуудал. Яагаад гэвэл Монгол улс парламентын засаглалтай улс. Шийдвэр гаргадаг тэр төлөөлөл нь иргэдийн төлөөлөл байдаг. Гэтэл иргэдийн төлөөлөл дээр шат шатны шийдвэр гаргадаг эмэгтэйчүүдийн түвшин ердөө хорин хувьтай байна. Үүнийгээ бид 50 хувьтай болгоё гэдэг ийм зорилт дэвшүүлж байгаа. Үр дүнд нь Монголын улс төрийн намууд бүгдээрээ энэ чиглэлд ажиллахаа амласан. Гарын үсэг зурсан. НҮБ болон олон улсын байгууллагуудтай хамтраад ийм дэвшилтэт бодлогыг Монгол улсын ардчилалд бид нар оруулдаг байя. Оруулахын тулд ХҮН намаас манлайлаад бид хамтарсан мэдэгдэл хийсэн. Хамтраад бүгд гарын үсгээ зурсан. Одоо ингээд ажил хэрэг болгож байна” хэмээн тайлбарлалаа.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)