УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Хатуу гишүүнчлэлээс татгалзаж, гишүүдээ намын гишүүн, дэмжигч, сонгуульт гишүүн гэж ангилна. Намын жинхэнэ гишүүд татвараа төлөх сонгуульд саналын эрхтэй оролцох бол, дэмжигч гишүүд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэлбэрийг оруулсан.
Хуулийн гол зорилго нь улс төрийн намын санхүүжилтийг шилэн, ил тод нээлттэй болгохоор чиглэж байна. Энэ агуулгаар улс төрийн намын дэргэд бодлогын хүрээлэн, бодлогын сан ажилладаг байя. Эдгээр байгууллагын санхүүжилт нь намын санхүүжилтийн 30 хувь хүртэлх байхаар зааж байна.
Бодлогын байгууллагад төсвөөс өгч буй санхүүжилтийг ингэж зарцуулна, нам өөрийнхөө санхүүжилтийг судалгаа, бодлогын байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх агуулгатай заалт орсон.
Улс төрийн намууд дэргэдээ сантай байдаг жишээ дэлхийд бий. Уг сангаар улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн үнэт зүйлийг сурталчилдаг хэлбэрийг нутагшуулах үүднээс энэ төрлийн заалт орсон" гэв.
Д.Батчулуун