УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Улс төрийн намууд хатуу гишүүнчлэлийг үл ойшоож байна. Намын жагсаалтаар сонгууль хийдэг болох нь байна. Хэдийгээр намын жагсаалтаар хүн дугуйллаа ч гэсэн тэр хувь нь намын хувьд тооцно. Намын дээгүүр жагссан байгаа хүмүүс гишүүд болдог.
Төрийг сулруулаад байгаа зүйл нь намын хатуу гишүүнчлэл. Энэ чиглэлээр алхам хийсэн зүйл хуульд байна уу? Намын гишүүд хэн ч байсан чирээд оруулчихдаг. Бор халзан хонь байсан ч оруулчихна.
Ялангуяа, сонгуулийн ирц бага байвал намуудын хувь сонгуулийн ирцийн 50 хувь болчхож байгаа юм. Төр рүү нэр хүндгүй, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг чирээд оруулж байна. Үүнийгээ баталгаажуулахын тулд намын жагсаалтын ард нуугддаг сонгуулийн тогтолцоог оруулж, хэлэлцэх гээд сууж байгаа. Хатуу гишүүнчлэл байгаа цагт төр цэвэршихгүй. Намын гишүүн гэж чихсээр байтал төрийн алба суларчихлаа.Намд пялдганаж гүйсэн нь албан тушаалд очдог болсон" гэв.
Д.Батчулуун