УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Улс төрийн намын хууль Монголын ардчилал, парламентын засаглалын ирээдүй ямар байх уу гэдгийг тодорхойлох түүхэн чухал бичиг баримт. Ерөнхийлөгч уг хуулийг олон талаас нь үзэж, зөв зүйтэй саналыг оруулсан. Зарчмын хувьд дэмжиж байгаа ч 1990 онд “нам төрийн дээр гарсан байна” гэж бид ардчилсан хувьсгал хийж, олон намын тогтолцоог сонгож, 30 жилийн сорилтыг туулсан.
Бидэнд алдаа оноо бий. Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх тухайд дэмжлэг үзүүлэх заалт орсон байна. Улс төрийн намыг ТББ эсвэл, төрийн бүтцийн байгууллага гэж ойлгож байгаа юу?
Улс төрийн намын бүртгэлийн асуудал их маргаан дагуулдаг. АН-ын сүүлийн гурван жилийн түүхийг мартах ёсгүй. Шүүх, Засгийн газар, цагдаа оролцлоо. Үүнийг хуулиар яаж зохицуулсан. Эхнэр нөхрийн нам байдаг. Нам нь хурлаа хийдэггүй. Ийм зүйл цаашаа явах уу" гэв.
Д.Батчулуун