Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Олон нийтэд бүгдээрээ гэмт хэрэгтэн. Ингэж болохгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад яллаад байгаа юм бэ. Прокурорын яллах дүгнэлтийг телевизүүдээр явуулаад байгаа юм бэ. Бидний үг яагаад явахгүй байна вэ. Гэхдээ би шүүгч нарт баярлаж байна. Хаалттай гэдэг зүйлээс хол байя л даа. Аавын хүүхдүүд алдаж, онож болно. Ганц нэг хүний алдаанаас болоод бүгдээрээ айгаад гөлийгөөд сууна гэж юу байсан юм бэ.
Яагаад мухар, сохороор хүнийг яллахын тулд ажилладаг юм бэ. Гэрчийн мэдүүлэг дотор миний уулзаж байгаагүй, огт танихгүй хүмүүсийн мэдүүлгийг хийчихсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг банкны доод албан тушаалтантай харьцах уу. Ингэж хэрэг зохиож болдог юм уу. Тэр хүнээ гэрчээр дуудаад оруулаад ир гэхээд тэр хүн чинь яллагдагч болчихсон гэрчээр оруулах боломжгүй. Тэгвэл яах гэж тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан юм бэ. Миний бие шинэчлэлийн засгийн газрыг Засгийн газар шиг ажлуулчихъя хэмээн үнэхээр зүтгэж ажилласан.
Сэтгэл гаргаж ажилласан нь шүүгдэж, хулгай дээрэм хийсэн нь гадуур зугаалж явдаг ийм нийгэм бий болж байна.
Би хулгай дээрэм хийсэн бол тэр Ч.Сайханбилэг шиг гадаадад явж байхгүй яах юм. Нүдэн дээр чинь хийгээд босгочихсон. ААН-үүд бүгд баярладаг шүү дээ. Засгийн газрын шийдвэр гэдэг бол засгийн газрын шийдвэр. Хөгжлийн банкны шийдвэр гэдэг бол зээл олгох шийдвэр. Засгийн газрын тогтоолын нэрэнд зээл олгох тухай гэж хэзээ ч ордоггүй. Төмөрлөгийн үйлдвэр барих тухай Засгийн газрын тогтоолын төсөл бий. Төмөрлөгийн үйлдвэр барих хүсэлтэй ийм дөрвөн компани байна гэхэд хоёрт нь өгөөд, хоёрт нь зээл өгөөгүй. Засгийн газрын тогтоол шийвэрийг биелүүлэх нэрээр хэн нэгэн этгээд хууль зөрчиж болохгүй.
Засгийн газар гэдэг бол Монгол Улсын амин зүрх. Цаг мөч бүхэн Ерөхий сайд хүн маргааш юу болчих бол хэмээн санаа зовж байдаг. Амьдрал гурав хоног, тав хоногийн хүлээдэггүй. Тийм учраас Ерөхий сайдад яаралтай горимоор оруулж ирэх эрх мэдэл бий. Яаж Монгол Улсын Ерөнхий сайд хүн сайд нартайгаа хуйвалдах юм бэ.
Миний зургаан удаагийн гомдол байгаа. Прокурорын байгууллагаас хариу өгдөггүй биш өгдөг. Сая нэг прокурор "Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхлээд гэмт хэрэг эхэлж байна" гэнэ. Мянган тогтоол гаргасан. Онолын хувьд маргааш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэн ч дуудагдаж ирэхэд бэлэн юм байна.
Засгийн газар үнэхээр буруу шийдвэр гаргасан бол засгийн газар өөрөө хүчингүй болгоно. Эсвэл УИХ хүчингүй болгоно. Хууль зөрчсөн эсэхийг хэн нэгэн мөрдөгч, прокурор тогтоодоггүй.
Энд сууж буй хүмүүс гэмтэй бол гэмтэй, гэмгүй бол гэмгүй. Яагаад зоригтой ярьж чадахаа больчихсон юм бэ. Хамгааллаттай дарга нар нь ордонд юм уу, гадаадад сууж байдаг. Ийм байж болохгүй. Манай Засгийн газрын арван хэдэн гишүүн үнэхээр сэтгэл зүрх гаргасан ажилласан. Засгийн газрын шийдвэрийг яагаад буруутгаад байгаа вэ гэхээр амиа бодож байгаа юм. "Бэрэн" гэх компанид зээл өг гэж бид хэлээгүй. Ухаалаг, ил тод зөв шийдвэр гараасай хэмээн хүсэж байна. Миний хүсэж буй хамгийн эцсийн хүсэл бол Ерөнхий сайдыг зээл авсан, өгсөн процесст хутгаж, энд суулгамааргүй байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учруулна. Ийм байдалтайгаар улс хөгжихгүй. Шударга ёс тогтохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)