“Шил ажиллагааны анхны сард
Авлигын эсрэг 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагаа эхлээд 4 долоо хоног болж байна. “Шил” бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн шүгэл, шүүр, шилжүүлэн авах, шувуу ажиллагаатай шууд уялдаатай, энэ бүх зорилтын эхлэл суур юм. Шилээр харж байж шүгэл үлээх, шүүрдэн цэвэрлэх, шувуугаар авчрах, шилжүүлэн авна. Сураглахын оронд судалдаг, хардахаасаа илүү хардаг “шилэн” иргэн олуулаа болохын хэрээр шударга үнэний төлөөх шууд хяналт тогтоно. Хаана нууц байна, тэнд авлига байдаг. Иргэн нь мэдээлэлтэй бол эрх мэдэлтэй болдог. Иргэн нь эрх мэдэлтэй байх нь нээлттэй нийгмийн дархлаа. Нууцгүй засаг төртэй, нуухгүй нүдтэй нийгэмд ил тод байдал засаглана.
Төрийн мэдээлэл хариуцагч 5500 гаруй байгууллагын асар их “цаас”-ыг цахим технологоор эмх цэгцтэй, энгийн хялбар болгон, иргэн бүхний алган дээр нь тавьдаг болох вэ? Энэ бол “Шил” ажиллагааны “гэрийн даалгавар” нь юм.
“Таны төр-Та хяна!” буюу “Бидний төр-Бид хяная!”
Нээлттэй мэдээллийн нэгдсэн талбар болгон хөгжүүлж эхэлсэн “shilen.gov.mn” систем нь сэтгүүлч, нийтлэлчид, иргэд орж “ухдаг” эрэлттэй цахим хуудас болсон. Мөсөн уулын орой дөнгөж цухуйж эхэлсэн ч хүмүүс shilen.gov.mn-ийг ухдаг, хардаг, хэлэлцдэг, задалдаг, онцолдог, шэйрлэдэг, жиргэдэг болсон нь хамгийн том ололт. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Хөгжлийн банк, нүүрс, тусгай сангуудад болсон хулгай дээрмийг болоод өнгөрсөн хойно нь харамсан бухимдах биш урьдчилан сэргийлж, цаг алдахгүй таслан зогсоож, илчилж дэлгэхийг хүсч байна гэсэн үг. Алдагдсан боломжийн араас харамсах бус ашиглах боломжоо авч үлдэх ёстой. Бүгдийн ирээдүй, боломжийг булаасан дээрэм тонуул бүгд “нууц” ажиллагаа байсан учир “Шил” ажиллагаа явуулж байна. Шилэн дансны хууль 7 жил, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих эхлээд жил болох гэж байгаа тул төрийн байгууллагуууд юу хийж буйгаа алаг цоог, хагас дутуу боловч тайлагнаж байгаа. Гагцхүү экселийн файл, жижигхэн тоо, хүснэгт сайтандаа шидчихээд дүр эсгэх нь нээлттэй байдал биш. Төхөөрөмжинд уншигдах боломжтой, зураг графиктай, танилцахад сонирхолтой, ойлгомжтой болгож байж нээсэн шиг нээнэ.
“Шил” ажиллагаа эхэлж, Шилэн индекс зарлан, нээлттэй эсэхийг нь үнэлж, эхэлмэгц төрийн байгууллагуудаас мэдээллээ ил тод болгох хүсэлт эрс өссөн нь эхний сарын чамлахаар чанга атгах ололт. Өнгөрсөн оны 12-р сард хууль, журмын дагуу мэдээллээ ирүүлэхийг сануулсан албан бичиг илгээхэд 21 аймгаас 12, 38 агентлагаас 18 нь хариу ирүүлж байснаас хандлага нь эрс өөрчлөгдөөд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нийгмийн дуу хоолой, шахалт шаардлагаар хүч нэмж, шударга ёсыг тогтоох арга зам хуулиас илүү хүчтэй байгааг баталж буй өөрчлөлт юм. Засгийн газар 5Ш хөтөлбөр баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар тусгайлан гаргаж, 6-р сарын 01-ний дотор хуульд заасан бүх мэдээллээ ил болгох үүрэг өгч, шилэн индекс зарлаж, нийгмийн нэхэл шаардлага ч эрс өслөө.
Шахуулж шаардуулж, нэхэл дагал болж байж хариу өгдөг байсан төрийн байгууллагуудын манай мэдээллийг хурдан түргэн байршуулж өгнө үү, shilen.gov.mn-д яаралтай байршуулна уу гэсэн хүсэлт овоорч эхэлсэн.
Шилэн индексээр замын гэрлэн дохио шиг улаан, шар, ногооноор нээлттэй эсэхийг нь өнгөөр тодруулж, олон нийттэй хамт ил тод байдалд нь дүн тавих болсны үр дүнд яамдын дундаж үзүүлэлт 71,56-гаас 75,45%, агентлагуудынх 50.36%-ээс 53.35%, аймаг, нийслэлийн ЗДТГ-ынх 43-аас 47 хувь болж өсөөд байна. Төр нээгдэж эхэлсэн ч нээлттэй байдлын үзүүлэлтээр хагас дутуу онгойж, гэрэл чийдэнгээр зүйрлэвэл 60-ын ламп улалзаж байна. 24\7 горимоор өдрийн гэрэл асааж, төрд иргэний хяналт хэвшиж тогтох яагаа ч үгүй байгааг илтгэх үзүүлэлт.
Шилэн индексийн зорилго нь төрийн байгууллагуудын нээлттэй байдлаар нь үнэлж, улаан, шар, ногоон өнгөөөр хэнд ч ойлгомжтой ялган үнэлж, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийтийн анхаарал, хүч, шахалтаар ташуур өгөх арга зам юм. Иргэд, иргэний нийгмийн байгууллагаас аль салбарын ямар мэдээллийг ил тод болгох вэ? гэдэг хүсэлт, шаардлага маш ихээр ирж байна. Ашигт малтмалын лиценз эзэмшил, газар олголт, барилгын зөвшөөрөл, тусгай сангуудад юу болж буйг мэдэх хүсэлт хамгийн ихээр ирж байна. Нутаг оронд нь хэний өмчлөлийн компани уурхай нээж, гэрийнх нь хажууд ямар компани барилга барьж, аль байгууллага, комисс ямар үндэслэлээр хэзээ, хэрхэн зөвшөөрөл олгосныг хардахаас илүү харахыг хүсэх нь энгийн бодит шаардлага юм.
Хуулиар мэдээлэл хариуцагч төрийн 5500 гаруй байгууллага бий. 68 төрлийн, 5500 гаруй байгууллагын тонн тонн цаасаар хэмжигдэх болох асар их багтаамжтай мэдээллийг технологийн шийдлээр хялбаршуулах, шат дараатайгаар олон нийтийн анхаарал, сонирхлыг төвлөрүүлэх нь ЦХХХЯ-ны үүрэг. Мэдээлэл ил тод болгох урсгал тасралтгүй байхын зэрэгцээ авлига, хүнд суртал бугшсан, нийтийн эрх ашгийг ихээр хөндсөн, хоёр нүүр, алаг үзэл, ар өврийн хаалга газар авсан “цэг”-үүдийг онилон онцолж нээн дэлгэхийг зорьж байна. Өдөр тутмын анхаарал татсан олон үйл явдал өрнөж буй мэдээллийн цаг үед дэс дараатай, ач холбогдлоор нь эрэмбэлж байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч 4344 хуулийн этгээдийн мэдээллийг эхний удаад ил болгосноос хойших 14 хоногт 14277 болж нэмэгдлээ.
Дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг ил болгосон. Дараагийн ээлжинд газрын төлбөр, татварынх нь мэдээллийг хавсаргана.
ХАА-г дэмжих сангийн 10325 зээлдэгчийн 6092-ынх нь 52,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг эхний ээлжинд ил болгосон. Долоо хоногийн дараа 791 зээлдэгчийн 29.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй мэдээллийг нээсэн. Зээлдэгчдийн нэрсийн жагсаалт өсөхийн хэрээр өр нэмэгдэж байна. Үлдсэн 3000 гаруйнх нь мэдээллийг дэлгэж, хэн, хэзээ, хэрхэн нийтдээ 200 гаруй тэрбумын өр төлбөр үүсгэснийг ил тод болгоно.
Үнэн худал нь мэдэгдэхгүй сураг ажиг бус хэн нь үүргээ биелүүлсэн, хэн нь өрөө төлөхгүй луу унжиж буйг баримт нотолгоотой, эх сурвалжтай мэдэж авна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн 612 бүрэлдэхүүнийг зарласан. Араас нь 58 компанийн ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн хүснэгтийг хавсарган нээлээ. Цаашлаад төрийн өмчит болон төрийн оролцоотой нийт 100 гаруй компанийн ТУЗ-д хэн, хэдий хэрийн цалин хөлстэй ажиллаж байгааг ил болгохоор зэхэж байна. ТУЗ-ийн гишүүнээр ажиллах, тусгай зөвшөөрөл эзэмших, сангуудаас зээл авсан бүхэн буруутан биш. Үүргээ биелүүлж, зориулалтын дагуу ашиглаж, хуулийн дагуу зөвшөөрөл авч, татвар хураамжаа төлсөн баялаг бүтээгчдээ хавтгайруулан буруутгах ёсгүй.
Цайны завсарлагагүй технологи буюу цааснаас цахим руу
Шилэн төр болох эсэх нь хуримтлагдсан мэдээллийг ил тод болгохоос гадна гар утаснаасаа гадаад, дотоодын хаанаас ч төрийн үйлчилгээ авч болдог, хүн биш технологи засаглах орчныг бүтээхээс шууд хамаарна. Шил ажиллагааны эхний сард хүн биш технологи засаглах, цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталд шилжих эрхэм зорилгын төлөө хоёр том алхлаа. Эхнийх нь 13 маягтай 13А маягтыг цахим хэлбэрт оруулсан шийдэл. Улсын эмнэлэгт үзүүлэхээр хотод ирэх замдаа алга болгочихвол ахиж авахын тулд хөдөө рүүгээ буцахаас өөр аргагүй болгодог 13А маягт цахим системд орсон. E Mongolia-д орсон цахим маягт салхинд хийсэхгүй, урагдаж нугаларахгүй, усанд норохгүй. Анхан шатны 530, лавлагаа шатны 334, нийт 864 эмнэлэг системд холбогдсон. Өөрийн, хүүхдийнхээ маягтаа харах, татан авах боломжтой. Зөвхөн өнгөрсөн онд 317,226 хүн 13 А маягт ашиглаж, лавлагаа шатны эмнэлэгт үзүүлсэн нь аминаас дутахгүй үнэтэй алга дарам цаас гэдгийг нь нотолдог.
Хоёр дахь нь E business. Юм хийе бүтээе, амьдралаа өөд татъя гэсэн хүмүүсийн хүсэл зоригийг мохоодог цаасан хүнд суртлыг цахим хөнгөн суртлаар өөрчлөх технологийн шийдэл. Компани үүсгэн байгуулах, оноосон нэр, тусгай зөвшөөрөл авах, сунгуулахын төлөө алга дээш нь харуулах, ар, өврийн хаалга, чихэр амттан бариад, танил тал хайн явж гутлын улаа эргүүлэх хэрэггүй болж байна. Технологи цайндаа ордоггүй, унтаж амардаггүй, дотоод ажилтай байдаггүй, өвчний чөлөө авдаггүй, авилгад дурладаггүй, арын хаалга мэдэхгүй, 24/7 үйлчилнэ. Компани байгуулахад багадаа 5-7 хонодог байсан бол 2 өдрийн дотор амжуулна. Хамгийн гол нь орон зайн хязгааргүй, цаг, мөнгөө хэмнэж нааш цааш явахгүй. Хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа, 226 төрийн үйлчилгээг нэг дороос авч байна. E business бол эдийн засгийн эрх чөлөөгөөр улс төрийн эрх чөлөөг бататгаж, хүний эрх, эрх чөлөөг бүтэн байлгахын төлөөх технологийн нэг л шийдэл юм. Авилгын хөрс тэжээл болсон цаасан хүнд суртлыг устгаж, цахим хөнгөн сурталд шилжих зорилгодоо хүрэхэд хоёр том сорилт Та бидний өмнө байна. Эхнийх нь цаасан түгжээ болсон 138 хууль. Банкинд данс нээлгэхэд цаас авч очих, шүүхэд зөвхөн цаасаар лавлагаа шаардах гэх мэт “цаас” гэсэн үгтэй заалт бүхий 138 хуулийн түгжээг тайлж, цахим гэдэг үгээр солих явдал юм. Цааснаас цахимд шилжихэд гацаа садаа болсон хуулиудыг оочер дараалалгүйгээр “ногоон гэрэл”-ээр хэлэлцэж, хурсан асуудлыг хурдан шийдэхгүй бол хууль биш хүн засаглаж, хүн чанар бус хүнд суртал хугацаа хожсоор байх болно.
Хоёр дахь том сорилт нь тоон бичиг үсгийн соёл. Өөрөөр хэлбэл, бүх нийтээрээ тоон гарын үсэгтэн болцгоож байж технологийн ид шидийг хүртэнэ. Өнгөрсөн зуунд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан амжилтаараа ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн шигээ шинэ хандлагад хурдан дасан зохициж, өөриймшүүлэн нутагшуулдаг Монголчууд бүх нийтээр тоон гарын үсэгтэн болж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Хулгай хийх боломж хулгайчийг төрүүлдэг. Баян, хоосны ялгааны эхлэл нь мэдээллийн зөрүү. Мэдээлэлд ойр, холын буюу харах нүдний ялгаа багасахын хэрээр баян хоосны ялгаа буурна. Иргэний шууд хяналт бол эрх чөлөөт нээлттэй нийгэм, эрх зүйт төрийн дархлаа билээ. Авлигагүй Монголын төлөө оюун ухаанаа олборлож, мэдэх эрхийн төлөө гэрэл асаая!
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын УЧРАЛ