Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Хотын даргын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хагасын хугацаа үлдээд байна. Нэг онцлог нь та УИХ-ын гишүүний мандатаа чөлөөлж өгөөд хотын даргын суудалд суусан хүн. Ингэхийн тулд багагүй зориг ч шаардсан байх, зорилго ч тавьсан байж таарна. Ямартай ч өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хот гэдэг их айлын амьдрал ахуй, жаргал зовлонтой танилцаад, туулаад ирсэн байх. Өмнө төсөөлж байснаас хэр их ялгаатай байна?
-Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Бас их богино хугацаа үлдсэн байгаа ч хийх ажил чамгүй их байна. Би Улаанбаатар хотод төрж өссөн хүн. Бас 2012, 2016, 2020 онд гурван удаа Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хотын хөгжлийн асуудал хаанаа байна, яавал зөв зохистой авч явах вэ, тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээл нь юу байна гэдгийг бодож тунгааж явсан. Тэгэхээр Улаанбаатар хотын нөхцөл байдал төсөөлж байснаас нэг их хол зөрөөгүй. Нийслэл хөгжихгүй байгаа, асуудлууд нь шийдэлгүй, улам томорсоор байгаа шалтгааныг эрх зүйн орчин замбараагүй, эдийн засгийн чадамж сул байгаатай холбоотой гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, одоо хотоо санхүү, эдийн засгийн хувьд чадамжтай болгохын төлөө ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүнээсээ бууж хотын дарга болох сонголтын хувьд Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд ачаагаа үүрэх намын шаардлага болон Улаанбаатар хотын хөгжлийг “гацаа”-наас гаргах амбицаа дагасан хэрэг.
-Мэдээж хэрэг маш их шүүмжлэл дагуулсан. “Аан, энэ нөхөрт сайдын суудал өгөөгүй учраас хотын даргын суудал руу сайн дураараа гулсчихлаа” ч гэдэг юм уу?
-Хувь хүний зүгээс шийдвэр гаргах, сонголт хийхэд амар байгаагүй. Гэвч нэгэнт ард иргэдийн итгэлийг хүлээгээд саналыг аваад намаа ялуулсан намын даргын хувьд намын дүрмийн хүрээнд хариуцлагаа үүрээд, асуудлаа аваад явах ёстой гэдэг шаардлагаар шийдвэрээ гаргасан. Хамгийн гол нь улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, хотын хөгжилд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоог бий болгох. Ийм л нөхцөл өмнө тавигдсан. Засаг даргын ажлыг авахдаа нэг л зүйлийг хэлсэн. Засгийн газар, УИХ-тайгаа ойлголцож, хамтарч, нягтарч ажиллах тийм засаглалыг нийслэлд бүрдүүлнэ ээ л гэсэн.
-Та ингэхэд аль хороолол, аль дэнжийн хүүхэд билээ?
-Төрсөн газар маань Зурагтын дэнж. 16 нас хүртлээ Зурагтын дэнж дээр л тэвэг өшиглөж өссөн. Би эмээгийн хүүхэд л дээ. Эмээгээ бурхан болсны дараа ээж, аав дээрээ очоод хорооллын 77-р сургуульд 9, 10 дугаар ангид сурсан.
Э.БАТ-ҮҮЛ ГЭДЭГ ХҮН “ХОТЫН ДАРГА ИНГЭЖ АЖИЛЛАЖ БОЛДОГ” ГЭДЭГ ҮҮД ХААЛГЫГ НЬ НЭЭГЭЭД ЯВСАН
-Нэг харамсалтай зүйл нь таны ажлын эхний хоёр жилд нийслэл хот маань ковидын нөхцөл байдалд байлаа шүү дээ. Энэ их том бэрхшээл, сорилт болсон байх...
-Цар тахлын аюул юу юугүй тулаад, нүүрлээд ороод ирнэ гэж хэн маань ч мэдээгүй байсан шүү дээ. Хүнд үед улс төрийн тогтвортой байдлыг хангах, иргэдийнхээ сэтгэл санааг дэмжих л гол үүрэг байсан. Ковидын үеийн нөхцөл байдал маань ямар байлаа, ямар үеийг бид хамтдаа тууллаа гэдгийг одоо зарим нь мартчихсан л байх. Санах нэг нь санадаг ч байх. Нэг хүний амь насыг эрсдүүлэхгүйн төлөө нийгмээрээ айдастай, хатуу чанд дэглэм, хөл хорион дунд амьдарч байлаа. Гэхдээ манай баг цар тахлын үед нийслэл хотын хөгжлийн суурь болох эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг хийсэн. Бүтээн байгуулалт зогсонги байдалд орсон үеийг зөв ашигласан гэж боддог.
-Дээр нь таны өмнөхийн өмнөх хотын дарга Э.Бат-үүл дөрвөн жил ажиллахдаа хотод бас чамгүй өөрчлөлтийг авчирсан. Түүнээс хойш ажилласан гурван даргын хувьд аягүй том харьцуулалт бий болгоод, хүлээлт үүсгэчихээд явсан юм шиг харагддаг?
-Харьцуулна л даа, харьцуулалгүй яах вэ. Э.Бат-Үүл даргын үед Чингис бондын 1.5 тэрбум доллар ороод ирсэн, Засгийн газартайгаа маш сайн уялдаж ажилласан учраас "Аан, хотын дарга чинь бас ингэж ажиллаж болдог юм байна" гэдэг үүд хаалгыг нээчихсэн шүү дээ.
Харамсалтай нь, ковидын үеийн нөхцөл байдал бидэнд тийм боломжийг олгосонгүй. Нөхцөл байдал бол маш хүнд байсан шүү дээ. Вакцин нь гараагүй, вакцинаа хүлээсэн байдалтай. Эдийн засгаа тавимаар байдаг, хүмүүсээ ажилтай орлоготой болгомоор байдаг. 2023 оны нэгдүгээр сарын 8-нд Хятад улс хилээ нээлээ шүү дээ. Тэр хооронд дотоод нөөц бололцоогоо ашиглаад ямар зохицуулалт хийж болох вэ л гэж ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн. Үүний араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан. Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг УИХ дээр байгуулаад анх орж ирсэн төслөөс нь 90 хувь өөрчилж батлуулсан. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулж ажилласан. Б.Энхбаяр гишүүн, Х.Нямбаатар сайд, Үндсэн хуулийн цэцийн Д.Ганзориг багш, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргал ажилласан. Хаврын чуулганд оруулаад 2021 оны долдугаар сард УИХ-аар батлуулсан. Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, бонд босгох, үнэт цаас гаргах боломжийг хуулиар нээж өгсөн. 2021 оны тавдугаар сарын 19-нд Засгийн газрын 146-р тогтоолоор 2022, 2023, 2024 онд нийслэл Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлж байгаа орлогыг хотын хөрөнгө оруулалтад зарцуулахаар шийдвэрлэсэн. УИХ дээр 26 гишүүнтэй Хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулсан. Энэ бүх хууль, тушаал шийдвэрүүд чинь хот хөгжих суурийг нь тавиад байгаа юм шүү дээ. Нүдэнд харагдах барилга байшин биш болохоор ажил хийгээгүй гэж ойлгох тал гардаг л юм. Гэхдээ одоо намайг үгүйсгэж болох ч Улаанбаатар хотын ирээдүй, дараа дараагийн хотын дарга нар ажлаа сайн хийх боломж бүрдэж байна. Гол нь үр өгөөж чухал.
-Түр хорооны гишүүд нь нийслэлээс сонгогдсон гишүүд үү?
-Хөдөө орон нутгаас байгаа. С.Бямбацогт сайд, Д.Өнөрболор гишүүн байна. Түр хорооны гишүүдтэйгээ хамтраад нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих дээр УИХ-тай тулж ажилласан, тайлбар мэдээллээ өгөөд явсан. Засгийн газартайгаа ч гэсэн ойртож ажиллах боломж, нөхцөл нь УИХ дээр бүрдээд, ойлголцоод явж байгаа.
-2012-2016 онд ажилласан Э.Бат-Үүл даргын үед, дараа нь ажилласан хоёр даргын үед ч Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар нэг өөрчлөлт, шинэчлэлт яваагүй гэсэн үг үү?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдаад, түүнээс хойш 27 жилийн хугацаанд энэ хуулийг УИХ, Засгийн газраар оруулах гээд чадаагүй байдаг юм. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар баталж, хуулийн хүрээнд хотын гол ажлууд явж байна. Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн тухай ярьж байна. Эрх зүйн байдлаа дээшлүүлнэ гэдэг чинь бас нэг сэргэлт. Араас нь дагуулаад эдийн засгийн сэргэлтэд зориод явж байна.
-Өнгөрсөн оны төгсгөлд гарсан “Түгжрэлийг шийдэхээр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан ч түгжрэл арилсангүй” гэдэг нэг дуусдаггүй яриа бий. Таны түрүүнд хэлснээр бол энэ мөнгө төсвөөс өгсөн татаас биш, Улаанбаатар хот өөрөө улсын төсөвт төвлөрүүлсэн орлого байх нь ээ?
-2021, 2022 онд 420 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Одоо 593 тэрбум болсон байгаа. Гэх мэтчилэн нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлого жилийн жилд нэмэгдээд явж байгаа. Энэ төвлөрүүлсэн орлогоо хотынхоо хөгжлийг дэмжих, түгжрэлийг бууруулах гол гол ажлууд дээрээ тавиад явъя гэдэг шийдэлд хүрээд, Ерөнхий сайдад танилцуулаад, дэмжээд явж байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хот өөрийнхөө төсвөөр 340 автобус авсан. 2009 онд С.Баярын Засгийн газрын үед 400 автобус авч байсан юм билээ. Хот дангаараа, өөрийнхөө хөрөнгө оруулалтаар 340 автобус авсан нь бол анхных. Сая Засгийн газар дээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг иж бүрэн шийдэхээр 800 автобус захиалаад, Ж.Сүхбаатар сайдын багц дээр урьдчилгаа 30 хувийг нь суулгасан. Удахгүй шинэ автобуснууд орж ирнэ.
-Түгжрэлийг шийднэ гээд автобуснуудаа нэмээд байдаг. Гэтэл тэр автобуснууд маань хаагуур, ямар замаараа явах болж байна аа?
-Түгжрэлийг зөвхөн автобусны тоогоор шийдэхгүй л дээ. Цогц арга хэмжээ хэрэгтэй. Нэгдүгээрт, хот төлөвлөлт. 2000-2020 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөлт хоёрын биелэлтийг харахад, 11 хувьтай л байна лээ. Хийсэн ажлын гүйцэтгэл нь 29,6 хувьтай. Яагаад ийм гүйцэтгэлтэй байдаг юм бэ гээд харсан чинь 2000 оноос хойш ерөнхий төлөвлөлтөө УИХ-аар оруулахгүй явсаар байгаад 2014 онд батлуулсан байдаг юм. Хорин жилийн төлөвлөлтийг зургаан жилд хийхээр гүйцэтгэл нь тэгж л гарна. Одоо 2020-2040 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийг УИХ-д оруулна. Ер нь бол төлөвлөлтөө дагаж хот хөгжинө шүү дээ.
Жишээ хэлэхэд, барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг нийтэд ил тод, нээлттэй байдлаар шууд лайваар дамжуулж эхэлсэн. Зураг төсөл боловсруулсан компаниуд нь захиалагчийнхаа өмнөөс очоод зураг төслөө хамгаалж гарах ёстой. Ихэнх зураг төсөл нь ерөнхий төлөвлөлтөө зөрчөөд гарсан байдаг. Захиалагч нь “ингээд хийчих, би зохицуулчихна” гэдэг байдлаар явдаг шиг байгаа юм. Барилга нь явган хүнийхээ зам руу орчихдог, ногоон байгууламж нь заасан хэмжээндээ хүрдэггүй. Хот биш “цементэн ширэнгэ” боллоо гэдэг асуудал үүнээс эхэлж байгаа юм. Тиймээс нэгдүгээрт, ямарваа зөвшөөрөл олгож байгаа үйл явцаа шилэн болгоё. Хоёрдугаарт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульдаа нийцүүлж ажил төрлөө явуулъя. Барилга, орон сууцын төлөвлөлтийг хийхдээ гэр хороолол руу чиглэсэн, хэсэгчилсэн дэд бүтэц нь орчихсон газрууд дээр өндрийн хязгаарлалтгүй барилгын зөвшөөрөл олгоё гээд яг одоо НИТХ дээр ярьж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бол үнэндээ ковидын хязгаарлалтаас болоод хөдөлж чадахгүй байсан. Тээврийн зардал, түүхий эдийн үнэ нугараад өсчихсөн, барилга, орон сууцны ажил зогсонги байдалд орсон, ганц холхиж байгаа нь худалдаа, үйлчилгээний салбар л байсан. Одоо бол хил, гааль нь нээгдчихлээ. Хот төлөвлөлтийнхөө асуудлыг эрчтэйхэн шийдээд, 2022 онд эхлүүлсэн ажлуудаа шуурхайлахаар ажиллаж байна. 2020-2040 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бодлогын гол баримт бичиг. Барилга, хот байгуулалтын яам боловсруулаад, хот хамтраад Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барих ёстой.
Газрын тухай хуулийн төслийг өргөн барьчихсан байсан боловч БХБ-ын сайд нь буцаагаад татчихлаа. Хөдөө орон нутаг, малын бэлчээртэй холбоотой асуудлууд байгаа юм шиг байна. Эргэж харъя, янз бүрийн үл ойлголцол гарах вий гэж байх шиг байна. Улаанбаатар хотын хувьд бол ямар нэг үл ойлголцол байхгүй. Газрынхаа бүсчлэлийг тогтоох, газрын татварыг тогтоох эрх нь НИТХ-даа байдаг. Хот өөрөө газрын биржтэй болох асуудлыг НИТХ-аар оруулах гэж байна. Гол нь бүх үйл ажиллагаа шилэн байх ёстой. Аль болох хүний хүчин зүйлээс үл хамаарч, хууль журмаараа явдаг болмоор байна л даа. Одоо бол Засаг дарга гарын үсэг зурж зөвшөөрөл олгодог, зогсоодог, чөлөөлдөг байгаа шүү дээ. Ийм юмнаасаа салмаар байна. Засаг даргын гаргаж байгаа захирамжийн 70 орчим хувь нь газрын зориулалт өөрчлөх, чөлөөлөх, шинээр газар олгохтой холбоотой. Үүнийгээ биржээр дамжуулдаг болъё, тэр нь хаана хаанаа амар. Иргэн ч өөрөө хариуцлагатай, төрийн нөхөд ч элдэв хардлагад орохгүй.
420 ТЭРБУМ БОЛ ТӨСВӨӨС ӨГСӨН ТАТААС БИШ, ХОТ ӨӨРӨӨ ТӨВЛӨРҮҮЛСЭН ОРЛОГО
-Хот жилдээ 400-500 тэрбумын татварын орлого бүрдүүлж байна гэлээ. Тэрийгээ тэр чигээр нь буцаагаад авсан ч шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа хийж чаддаггүй. Хотын хүн ам, эдийн засгийн эргэлттэй харьцуулахад хэтэрхий бага тоо юм биш үү?
-Бага тоо. Тиймээс орлогоо нэмэгдүүлэхийн тулд сая хэлсэн өөрчлөлтүүдийг хийх ёстой. Газрын татвараа тогтоочихвол дагуулаад үл хөдлөх хөрөнгийн татвараа оруулаад ирнэ. Ерөнхийдөө бэлэн болчихсон байгаа. Хотын хувьд татварын бааз суурийг нэмэх гол зүйл нь газрын татвар. Гэхдээ газрын худалдааг биржээр явуулах ёстой. Хоёрдугаарт, үл хөдлөх хөрөнгийн татвар. Үл хөдлөх хөрөнгө, газрын татварыг хотод өөрт нь үлдээх ёстой. Тэгж байж хот хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй, асуудлаа бие даагаад шийдээд явах боломжтой болно.
-Түгжрэлийг шийдэхэд төсөвлөсөн 420 тэрбумаар юу хийсэн юм бэ гэж хэдэн сар загнууллаа. Тэрний задаргаа юу байсан бэ?
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол холбоос замууд, гүүрэн байгууламжуудыг эхлүүлэх ёстой байсан. Зайсангийн гүүрийг хоёр болгохгүй бол тэнд түгжирч байна. Яармагийн гүүрийг нааш нь татаад замтай нь холбох шаардлага байна. Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлэг, Өнөр хорооллын араар явж Үйлдвэрчний эвлэлийн замтай холбогдоод цаашаагаа Тахилтаар нэвт гарах замын трассууд, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болчихсон. Ард Аюушийн өргөн чөлөөний ажил бол эхлээд явж байгаа. Нэмээд дугуйн зам, явган замуудын ажил хийж байгаа. Өмнө нь явган зам гэхээр энэ ширээ шиг л юм байсан шүү дээ, хоёр хүн зөрж чаддаггүй. Одоо хамгийн багадаа 2,7 метрийн өргөнтэй хийж байна. Авто замынхаа гол гхолбоосуудыг хийчихвэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачааллыг бууруулчихна. Тооцооллыг нь хийчихсэн.
Эдгээр ажлыг танилцуулаад 420 тэрбум төгрөгийг төсвийг хотод нь үлдээе гэдэг шийдвэр гараад явсан. Үүнээс 160 тэрбумыг нь Сангийн яам яалт ч үгүй буцаагаад төвлөрүүлсэн. 420 тэрбум тэр чигээрээ хот руу орчихвол төсвийн алдагдал 6 хувь давах гээд байсан. Сангийн сайд өөрөө төсвөө анх удаа оруулж байгаа учраас 5 хувь давуулаад оруулчихмаар байна, 162 тэрбумыг нь эргүүлээд татлаа гэсэн. Тэрийг нь ч бид хүлээж авсан. Автобусны 68 тэрбум эндээс гарсан, одоо явж байгаа улаан автобуснуудын урьдчилгаа санхүүжилт. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 100 тэрбумыг Боловсролын сайдын төсөв рүү хийсэн. Тухай тухайн хамран суралцах тойрогт нь хүүхдүүдийг сургах нь түгжрэлийг бууруулах бас нэг шийдэл юмаа гээд өргөтгөхийг нь өргөтгөөд, шинээр барихыг нь бариад явсан. 75 тэрбумыг газар чөлөөлөлтөд зарцуулсан. Ард Аюушийн өргөн чөлөө, Улаанхуаран, өөр хэд хэдэн газарт газар чөлөөлсөн. Үлдсэн мөнгө нь Яармагийн гүүр, Зайсангийн гүүр, Ард Аюушийн замд ороод явж байгаа. Зарим нь урьдчилгаа 10 хувиа аваад ажлаа эхэлсэн, зарим нь гүйцэтгэлээр санхүүжнэ гээд банк санхүүгийн байгууллагаас зээл аваад эхлүүлсэн. Энэ ажил 2022, 2023, 2024 он гээд гурван жил дамнасан төсвөөр ажлуудаа хийх юм байна гэж тооцоод, аж ахуйн нэгжүүд засаг, хот хоёртоо итгээд санхүүгийн эх үүсвэрээ банкнаас аваад явж байгаа. Энэ онд 420 тэрбумын 340 гаруй тэрбумыг нь хотоос татаад Сүхбаатар сайдын багцад өгсөн. Нийтийн тээврийн 800 автобус, хоёр авто бааз бүтээн байгуулах зардалд шингээд явж байгаа.
-Сайдтай болсны ялгаа байна уу. Нэг төсвөө л хоёр хувааж зарцуулдаг юм байна шүү дээ?
-Ялгаа гаралгүй яах вэ.
-Хотын даргын хувьд та өөрөө Засгийн газрын хуралдаанд асуудлаа танилцуулаад явдаг л байсан биз дээ?
-Засгийн газрын гишүүн биш учраас эрх зүйн хувьд бас төвөгтэй л дөө. Тиймээс Түгжрэлийг буруулах үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гэдэг орон тоог гаргаад Ж.Сүхбаатар сайдыг томилсон. Ерөнхий сайдын хувьд оновчтой шийдэл болсон гэж би хувьдаа харж байгаа. Салбар хоорондын уялдаа гэж юм байдаг. Ж.Сүхбаатар сайд үүнийг хийдэг. Сангийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, ЗГХЭГ-тай нэг эрэмбээр харьцдаг гэсэн үг. Түгжрэл гэдэг чинь зөвхөн хотын асуудал биш, нийт улсын асуудал болчихоод байна шүү дээ. Нийслэл хот бол Монгол Улсын эдийн засгийн 70 хувь нь эргэж байдаг нийгэм, эдийн засгийн том цогцолбор. Хүн амынх нь 50 хувь нийслэлд амьдарч байна. Авто машины хэрэглээ гэхэд 1990 оноос хойш 36-37 дахин өсчихсөн. Гэтэл авто замынх урт дөнгөж дөрөв дахин нэмэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр түгжрэл бол яалт ч үгүй даац хэтэрсэнтэй холбоотой. Дээр нь нэмээд зөөлөн зохицуулалтуудаа хийх ёстой. Гол гол төв замууд дээр дугаар таних, бүртгэх мэдрэгчүүд суурилуулаад эхэлчихлээ. Явган зам, дугуйн замуудаа шийдэх үү, шийднэ. Аль болох автомашинаас татгалзахын тулд нийтийн тээврийнхээ парк шинэчлэлтийг хийж байна. Автобусаа цагаар явуулах, нэгдүгээр эгнээгээ чөлөөлж өгөх асуудал яг одоо яригдаж байна. Зарим газраа хоёр эгнээ байгаа замуудыг гурван эгнээ болгож өргөсгөх ажлуудыг зэрэгцүүлээд хийнэ.
-Автобус нэгдүгээр эгнээгээр зорчино гэдэг чинь Э.Бат-Үүл даргын үед гараад мөрдөөд явж байсан журам. Хэн, яагаад болиулсан юм бол?
-Замуудаа өргөсгөөгүй учраас хоёр эгнээтэй замын нэг эгнээг чөлөөлчихөөр бүр их түгжрэл үүсгээд байсан байхгүй юу. Тиймээс хоёр эгнээ замаа гурван эгнээтэй болгож өргөсгөхөөр судалгаа, тооцооллууд нь хийчихсэн, удахгүй ажил нь эхэлнэ. Өнгөрсөн баасан гаригт сүүлийн танилцуулгыг хийсэн, замын ачаалал үүсгэдэг зургаан чиглэлийг гаргасан. Гурван байрлал дээр гол ачаалал нь ирдэг юм байна. Ерөөсөө бүх хөдөлгөөн төв рүүгээ чиглэдэг, Энх тайвны өргөн чөлөө рүүгээ бүгд орж ирдэг юм байна. Сонгинохайрхан чиглэлээс 340 орчим автобус хөдлөөд Энхтайвны өргөн чөлөө рүү ордог, Баянзүрх дүүргийн Шар хадны эцсээс хөдөлсөн 250 орчим автобус мөн адилхан орж ирдэг. Тэгэхээр энэ ачааллыг задалсан богино эргэлтүүдийг оновчтой, судалгаатай хийх ёстой юм байна. Баянхошууны эцсээс орж ирээд Таван шараар эргээд буцдаг ч юм уу. Цаашид хийх ажлууд зөвхөн судалгаан дээр суурилна. Замын хөдөлгөөний удирдлагын төв, С.Адъяасүрэн дарга жишээ нь гэрлэн дохиотой уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх тооцоолол хийгээд явж байна. Хэдий хүмүүс шүүмжлэлтэй хандаж байсан ч Зайсангийн замыг нэг чигийн урсгалтай болгосноор Яармагийн замын түгжрэл эрс багассан байх жишээтэй. Тийм нэг чигийн хөдөлгөөнүүдийг хаана хаана хийх вэ гэдэг дээр Ж.Сүхбаатар сайд дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.
“CITY TAX”-ЫГ НЭВТРҮҮЛБЭЛ НӨАТ-ГҮЙ Л БОЛНО ДОО
-Төвлөрлийг багасгах, түгжрэлийг бууруулах, цаашлаад хотын төсвийг нэмэгдүүлэхийн тулд “City tax” буюу хотын татварыг бий болгоё гэдэг яриа байнга гарч ирдэг. Энэ талаар таны бодол?
-Дэлхийн бүх том хот ямар нэг байдлаар хязгаарлалт хийдэг л юм байна лээ. Москва хотын иргэн болоход жишээ нь 10 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний төлбөр төлдөг байх жишээтэй. Манайх бол Үндсэн хуульдаа “Оршин суух газраа чөлөөтэй сонгох, амьдрах эрхтэй” гээд заачихсан учраас Үндсэн хууль зөрчсөн асуудал болоод явчихна. Хэрвээ “City tax”-ыг нэвтрүүлье гэвэл НӨАТ-гүй болно л гэсэн үг дээ. Хотын татвар нь хотдоо үлддэг байна аа гэсэн үг. Дэлхийн бүх хот тийм байдаг юм билээ. Энэ бол УИХ, Засгийн газрын түвшинд ярьж шийдэх асуудал. Шийдчихлээ гэхэд баахан эсрэг улс төр хийгээд мушгиад явчих талтай.
Ер нь бол нийслэлийн Засаг дарга гэдэг чинь аж ахуйн л ажил. Аж ахуйн ажил учраас зохицуулалтыг нь илүү уян хатан болгох ёстой юм байна. Юм болгоныг хатуу хуульчлаад явна гэж байхгүй. Наад зах нь төрийн албан хаагчдаа төрийн захиргаа, төрийн нийтийн алба гэж ялгаж зааглах хэрэгтэй юм байна. Нийтэд нь “төрийн захиргааны алба хаагч” гээд хуульчилчихаар наад зах нь тэр шалгуурт нь тэнцдэг хүн байхгүй. Тэгээд дээр нь 500-700 мянган төгрөгийн цалинтай. Тэрнээс нь болоод хороо, анхан шатны нэгж дээрээ хүний нөөцийн хомсдол бодитойгоор нүүрлэсэн. Төрийн нийтийн алба болгоод, босгыг нь жаахан доошлуулаад анхан шатнаас нь эхэлж сургах ажлыг хийх ёстой байна. Тэгэхээр төрийн албаны хуулиа ч гэсэн эргэж харах, Төрийн болон төрийн нийтийн албаны тухай хууль болгож өөрчлөх шаардлагатай гэж хардаг.
-Энэ хуулийн төсөл бичигдэж байгаа юу?
-Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр боловсруулагдаж байгаа. Нийслэлийн ажил бол бүхэлдээ төрийн үйлчилгээ шүү дээ. Дүүрэг, хороо, сургууль, цэцэрлэг, тохижилт үйлчилгээ гээд бүгд төрийн үйлчилгээ. Цөөхөн хэдэн л захиргааны алба хаагчид байдаг. Бүгдийг нь “төрийн захиргаа” гэчихээд шал өөр шалгуур тавиад байгаа байхгүй юу.
Хоёрдугаарт, хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитой явахаар бол бас нэг зүйлийг утгаар нь хийчихмээр санагдаад байдаг юм. Яагаад жишээ нь нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалт ийм бага, хязгаарлагдмал байдаг юм бэ гэхээр Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллага байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ. Нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт “Монгол улс нь засаг захиргааны нэгж нь аймаг, нийслэлд, аймаг нь сум, багт, нийслэл нь дүүрэг, хороодод хуваагдана” гэчихсэн. Энэ заалт л бүгдийг барьчихаад, хөдөлгөхгүй байгаа. Нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт, төсөв зохиох батлах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэ хуульд заасан зарчимд нийцүүлж төсвийн тухай хуулиар зохицуулна” гэчихсэн. Ингээд хайрцаглачихсан учраас нийслэлд алба хаагчдынхаа цалинг нэмэх, төсвөө захиран зарцуулах эрх байхгүй. Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна гэхээр тэр мөнгийг намайг аваад дансандаа хийчихсэн юм шиг ойлгоод байдаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш шүү дээ.
-Ер нь бол нийслэл бие дааж хөгжих боломжийг Үндсэн хуулиар хаагаад өгчихсөн юм байна шүү дээ...
-Ерөөсөө үүнд л боогдчихоод байгаа юм. Аймаг, нийслэлтэй нэг түвшинд аваачаад, ангилал, зэрэглэлээр нь зааж өгөөд “төсвийн хуулиар зохицуулна” гэчихсэн учраас ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй. Гол түгжээ болсон Үндсэн хуулийн 57.1 дэх заалтыг өөрчлөх ёстой. 30-60 мянган хүн амтай аймгийн төвийг, 1,6 сая хүн амтай нийслэлтэй ижил түвшинд багтаачихдаг. Гэтэл тулгамдаж байгаа бэрхшээл, шийдэх ёстой асуудал нь эрс тэс байх нь ойлгомжтой шүү дээ.
-Төвлөрлийг бууруулна, хөдөөг хөгжүүлнэ гээд орон нутагт ажиллаж байгаа багш нарт урамшуулал олгодог. Сая орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчдын цалин нэмэгдүүлнэ гээд бас хууль орж ирж байгаа харагдсан. Гэтэл хамгийн их хүн амтай, хамгийн их асуудалтай нийслэл нь бүр ёроолд уначихсан юм байна шүү дээ. Юун хөдөөг хөгжүүлэх вэ?
-Сая бол төрийн захиргааны алба хаагчдын цалинг шахаж байгаад зохицуулалт хийсэн, 37-55 хувиар нэмсэн. Мэргэжилтнээр ажилд орж байгаа хүүхдүүдийн цалин бараг 57 хувиар нэмэгдсэн. Нэмэгдээд дундаж нь 750-800 мянган төгрөг байгаа шүү дээ. Нийслэл ийм төсөвтэй гэж хэн ч бодохгүй байгаа.
-Хот авилгажсан гэдэг үг ч гэсэн цалингийн ийм системтэй холбоотой юм биш үү. 700-800 мянган төгрөгийн цалинтай хүн нийтийн эрх ашгийн төлөө ажиллах уу, өөрийнхөө амьжиргааны төлөө явах уу?
-Ард нь тийм асуудал байхыг үгүйсгэхгүй. Эхнэр, хүүхэд гээд 3-4 ам бүл гэрт нь хүлээж байгаа шүү дээ. 14-15 жил ажиллачихсан, тэгсэн мөртлөө цалин нь ийм. Төрийн албаны шалгуурт тэнцчихсэн учраас сольж болдоггүй. Нэг үгээр амьдралаа болгоод байна аа гэсэн үг. Тэглээ гээд хүнийг барин тавин гүтгэх аргагүй, баримттай байх ёстой.
-Уг нь бол таны хэлсэн хуулийн өөрчлөлтийг хийх, эрх зүйн орчинг нь нээж өгөх асуудал чинь хэдэн зуун тэрбумаар бонд босгоод, хэдэн жил дамнуулж хийдэг бүтээн байгуулалттай харьцуулахад хамаагүй хялбар, хурдан шийдэж болох асуудал юм биш үү? Саад болоод байгаа ямар хүчин зүйл байна?
-Миний харж байгаа өнцөг бол институт хооронд жаахан асуудал үүсэж магадгүй. 1,6 сая хүнээс сонгогдсон хотын дарга, 60-70 мянган хүнээс сонгогдсон УИХ-ын гишүүн, 3,4 сая хүнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Хэрвээ хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болчихвол 1,6 сая хүнээс сонгогдсон хотын дарга хамгийн хүчтэй хотын дарга болно. Энэ талаас нь харвал институт хооронд зөрчил үүсэж магадгүй л юм. Энэ бол миний л бодол. Үгүй ч байж бас магадгүй ш тээ. Ер нь бол хотын даргыг иргэд нь өөрөө сонгодог. Ингэхдээ зургаан жилээр хоёр удаа сонгочих ёстой юм байна даа л гэж би харж байгаа. 12 жилийн хугацаанд ямар ч хүн ажлын үр дүн гаргана.
-Таныг хотын дарга хийсэн хоёр жил хагасын хугацаанд ийм зүйл ярьдаг байсныг тань би хувьдаа мэдэхгүй юм. Э.Бат-Үүлийн нэг давуу тал нь маш их ярьдаг хүн шүү дээ. Бодлогоо шууд шууд, ил зарлаад зарлаад явчихдаг, түүгээрээ ч нийгмийн дэмжлэг сайтай байсан байх...
-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулахын тулд их л ярьсан даа. Гэвч Үндсэн хууль дээр ирээд л тулсан. Төсвийн эрх мэдлийг нь Үндсэн хуулиар бүрэн хаачихсан учраас хот хөгжихгүй байгаа юм. Төсвийн эрх мэдлийг нь нээгээд өгчих юм бол хот өөрөө төсвөө бүрдүүлээд, зарцуулаад, гадаад дотоодоос зээл тусламж аваад, бонд гаргаад дороо босоод ирнэ л дээ. Хот өөрөө бие даагаад хөгжөөд эхэлбэл хотын бондыг булаацалдаад авна.
УЛААНБААТАР ХОТ ХӨГЖЛИЙН ХОЁР ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО
-Нийслэл уул уурхай руу орох нь. Нүүрс экспортолж орлогоо бүрдүүлэх юм байна гэж сонссон. Сая ярьсан бодлогуудтай зөрчилдөөд байгаа юм биш үү?
-“Эрдэнэс Баянбогд” гэж уул уурхайн төсөл, тусгай зөвшөөрөл дээр суурилаад Улаанбаатар хотын том бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх санхүүгийн шинэ загвар байгаа юм. Хүрэн нүүрсний орд л доо, Хятадын тал хөрөнгө оруулалт хийхээр болсон. Нийслэлийг тойрог хурдны зам, Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг буюу UB метро гэсэн том бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх юм. Том бүтээн байгуулалт дээр том хөрөнгө оруулалт шаардлагатай учраас заавал зайлшгүй орлогын шинэ эх үүсвэр хэрэгтэй байна. Тэр нь “Эрдэнэс Баянбогд” төсөл.
Хоёрдугаарт, хэрвээ бид утаанаасаа салъя гэвэл хатуу түлшнээс татгалзаж, шингэн түлш рүү шилжих процесс зайлшгүй явж таарна. Энэ чиглэл рүү нийслэл өөрийнхөө нөөц бололцоог ашиглаад, гаднын хөрөнгө оруулалтад түшиглээд, шилдэг технологид суурилаад явах ёстой гэсэн бодолтой. Одоо хэрэглэж байгаа шахмал түлш бол түр зуурын, завсрын арга хэмжээ шүү дээ. Тиймээс хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах, нүүрс боловсруулах асуудал давхар яригдаж байгаа.
-Эхний ээлжинд экспорт хийнэ гэсэн үг үү?
-Экспорт хийнэ. Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудлыг төсвийн бус замаар шийдэх гарц нь энэ гэж харж байна. Нэг ёсондоо Улаанбаатар хот хоёр хөдөлгүүртэй болно гэсэн үг. Төсөв бол үндсэн хөдөлгүүр, хоёр дахь хөдөлгүүр нь “Эрдэнэс Баянбогд” төсөл. Төсөв гэдэг нь одоо байгаа төсвийн тухай биш, орлогоо нэмэгдүүлсэн шинэ төсвийн тухай ярьж байгаа юм шүү. Зарим нь намайг нүүрсний уурхайтай болчихлоо гэж мушгиад байгаа. Бодит байдал дээр би тэр нүүрсний уурхайг аваад явахгүй шүү дээ. Хотдоо үлдэнэ, хотын иргэдийн өмч гэсэн үг. Дараа дараагийн хотын дарга нар санхүүгийн асуудалд санаа зовохгүй ажлаа хийх боломж бүрдэнэ. Үр шимийг нь Улаанбаатар хот л хүртэнэ шүү дээ. Үүнтэй холбож нүүрсний хэрэгт гүтгэх оролдлого ч явж байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтооно биз.
-Ингэхэд Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан энэ бүх асуудлыг шийдэхэд хэр их мөнгө, хэдэн жилийн хугацаа хэрэгтэй юм бол, ойролцоогоор?
-2021 онд хийсэн тооцоогоор 9,7 их наяд төгрөг хэрэгтэй гэж гарсан. Инженерийн байгууламж, цэвэр усны нөөцийн асуудал хамгийн хүнд нь. Газар доорх Улаанбаатар бол маш хүнд байгаа шүү. Дээр нь зам, гүүр, гэр хорооллыг орон сууцжуулах, магистрал шугамуудыг хэсэгчилсэн байдлаар татах, тэрийг дагасан тойрог замын бүтээн байгуулалт гээд бүгд энэ мөнгөнд орсон.
Хотын өр төлбөр гэхэд хоёр их наяд төргөг байна. Эрчим, хүч, ус, дулаан гээд бүгд алдагдалтай. Хэрэглээний халуун усны үнийг нэмж болохгүй, дулааныг нэмэхгүй, эрчим хүчнийхээ үнийг нэмэхгүй. Суурь үнийг хөдөлгөхгүй гээд барьчихаар хот хөдөлж чадахгүй болчихоод байна л даа. Хотын бүх тусгай чиг үүргийг яамд нь хуваагаад авчихсан учраас хот гэдэг айл та нарын хэлдгээр “шүдгүй арслан” шиг л байна.
-Тэгэхээр жилд хэдэн их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг вэ?
-2023 онд хийх ёстой төслүүдийн санхүүжилт гэхэд 683 тэрбум төгрөг болсон. Түүнээс нэн шаардлагатай хийх ёстой холбоос замууд дээр 187 тэрбумыг тавьсан. Засгийн газар дээр Ерөнхий сайдтай ярьж байгаад хөдөлгөсөн нь энэ. Холбоос замуудаа хийчихвэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөгөөр явж байгаа хөдөлгөөний эрчмийг бууруулна. Тэгээд хоёр эгнээ замуудаа гурван эгнээ болгочихвол нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврээ явуулна. Дээр нь явган зам, дугуйн замууд орж ирнэ.
-Магадгүй, хотын даргыг эрх мэдэлтэй байлгах сонирхол манай төрийн аль ч институтэд байдаггүй байх?
-Үеийн үед л тийм байсан байх. Гэхдээ УИХ, Засгийн газар, нийслэл энэ цаг үед харин ч сайн ойлголцож, хамтарч ажиллаж байна гэж би хувьдаа боддог. 2022 оноос хойш тухайн жилийн төсөвт төвлөрүүлсэн орлогоо хот өөрөө хөрөнгө оруулалт болгоод авч байна. Бондын эх үүсвэрийг Сангийн яам дэмжээд оруулъя гэж байна. Оюутолгойгоос орж ирэх хүү, торгуулийн орлогыг нийслэлийн бүтээн байгуулалтад нь зарцуулъя гэж байна. Хотын асуудалд Засгийн газар оролцохгүйгээр дангаараа явах боломжгүй, хотын дарга болон иргэдийн хурлын 45 төлөөлөгч, 123 харьяа байгууллагын асуудал гээд орхиж болохгүй юм байна. Урьд нь бол тэгж ирсэн юм байна.
-Хотын хоёр дахь хөдөлгүүр гэж нэрлээд байгаа ”Эрдэнэс Баянбогд” төсөл маань яг ямар шатандаа яваа юм бэ?
-Хятадын талаас хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал эхний байдлаар шийдэгдчихсэн. Одоо бид нар өөрсдөө “явуулах уу, үгүй юу” гэдэг шийдвэрээ гаргана. Мега төсөл учраас хот дангаараа шийдэхгүй, засаг дээр ч шийдэх боломжгүй, УИХ-аар орох ёстой. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-ын 106-р тогтоолыг баталсан. Тэнд нэр нь орчихсон явж байгаа. Тэгэхээр УИХ-аар шийдвэр нь гарах ёстой.
-Нийслэлийн тойрог хурдны замыг хоёр хувааж хийнэ. Талыг нь хот, талыг нь ЗТХЯ хариуцах юм гэж сонссон. Нэг ажлыг хоёр талд хариуцаж хийдэг нь ямар учиртай юм бэ? Эсвэл төсвөө хоёр хувааж зарцуулах тухай л яриад байна уу?
-Засгийн газрынхаа хүчийг л авч байгаа хэлбэр, концепци нь бол нэг л дээ. Хөрөнгө босгохдоо хоёр талаасаа ороод явъя гэж байгаа юм.
-Ярьсаар байгаад хотын төвлөрөл, хүн амын суурьшил улам л нэмэгдэхээр болоод явчихлаа. Асуудлыг нь шийдээд байвал ам нь нэмэгдээд л байна гэсэн үг шүү дээ?
-Дэлхийн хотуудын зовлон ч яг л манайхтай адилхан. Хотжих процесс нь тэлж, хотын ачаалал нэмэгдэж байгаа. Төсөв санхүүгийн хүрэлцээ муу, Засгийн газрынх нь дэмжлэг багасаж байгаа. Энэ нь хотын үндсэн асуудал болж байна. Тиймээс орлогоо нэмэгдүүлэхийн тулд татвар нэмж таарна. Татварын орлого, хураамж, төлбөр гэсэн гурван эх үүсвэрээр төсвийн орлогыг бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө талд нь зардлаа хэмнэх асуудал яригдана. Нэг талдаа хэмнэлтийн бодлого, нөгөө талдаа орлого төвлөрүүлэх бодлого зэрэг явах ёстой.
-Хотуудын татаасыг багасгаж байгаа нь хотжилтыг тэлүүлэхгүй гэсэн бодлого юм биш үү, нөгөө талаасаа?
-Магадгүй. Гэхдээ Улаанбаатар хот чинь өөрөө эдийн засаг шүү дээ. Хотын нэг иргэн ч гэсэн хотын эдийн засаг. Хоёрдугаарт, түгжрэлийнхээ асуудлыг шийдээд, шинэ төрлийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд, тэрийгээ дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлээд нэгдсэн системд оруулчихвал манайд асуудал байхгүй шүү дээ. Энэ ямар 16 сая хүнтэй хот юм уу?
-“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр маргааш болох Улаанбаатар хотын эдийн засгийн форумын талаар сонирхож болох уу?
-Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлэх, гадаад дотоод хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулдаг. Ковидоос болоод 2020 оноос хойш хийгдээгүй ээ. Энэ жилийн хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ сэргэлт-Улаанбаатар” гэдэг малгай дор Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, түншлэлийн форумыг зохион байгуулна. 15 гэрээ хэлцэл, санамж бичиг байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Форумд харилцаат хотууд, олон улсын байгууллагуудаас нийт 100 гаруй гадаадын төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд форумд “Улаанбаатар хотын шинэ сэргэлт” гэдэг сэдвээр илтгэл тавина. Нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэл, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хотын иргэдийг нарийн ногоогоор хангах төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах байх. Улаанбаатар хотын гадаад, дотоод худалдаа, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудал гэх мэт хоттой холбоотой олон төсөл хөтөлбөр яригдаж, гэрээ хэлцэл, санамж бичиг зурах байх. Товчхондоо ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ. Тиймээс энэ жил нэлээд өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээнд зохион байгуулна.
-Нээрээ хотын дарга асан Э.Бат-Үүл танд зориулаад “Хотын даргад зөвлөе” гэдэг нэртэй лайв хийдэг болсон байна лээ. Та тэр зөвлөгөөг ер нь хүлээж авч, үзэж харж, сонсож байна уу?
-Э.Бат-Үүл даргатай уулзаад, санаа бодлоо солилцоод л явдаг шүү дээ. Метроны асуудал, хот өөрөө хөрөнгө мөнгө босгох тал дээр энэ өрөөнд суугаад зөвлөж, ярилцаж л байсан. Гол нь эрх зүйн зохицуулалтуудаа сайжруулах ёстой юм байна. Эдийн засгийн нөхцөл байдал маань бас амаргүй байна. Гэхдээ том зургаараа бол энэ оны хоёрдугаар хагасаас эхлээд эдийн засаг сайжрах байх гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!
iNews.mn
Сэтгэгдэл (3)