Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр 15:20 минутад аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж, 86,5 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаанаар хэлэлцэх гол асуудал тус аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлах явдал байв.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн 24 нь буюу 66 хувийн саналаар Засаг дарга Ахмедиягийн Камелиятийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд оролцогч 36 төлөөлөгч аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудалд нууц санал өгч, саналыг тооллогын комисс тоолон баталгаажуулж, тооллогын комиссын дарга К.Жандос дүнг танилцуулсан байна.
Дашрамд дуулгахад 2020 онд аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Бауыржан 2022 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд түүнийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман орлож байсан. Тэгвэл Засаг даргад нэр дэвшин ялалт байгуулсан А.Камелият нь 2016-2020 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд сүүлд Татварын хэлтсийн даргаар ажиллаж байгаа юм.
Б.Бат