Шилэн ажиллагааны хүрээнд ашигт малтмал тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлтэй болгосон талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “"Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг төрийн, хувийн өмч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтайгаас үл хамааран ил болгож байна. 994 га газарт 885 лицензийг, 1843825 га газарт ашиглалтын 1713 лицензийг тус тус олгосон байна.
Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз өнөөдрийн байдлаар идэвхтэй байна.
Уул уурхайн салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Учир нь улс орны экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Бидний хэлж ярьсаар ирсэн олон зүйлийн их үндэс нь нээлттэй мэдээлэл, нийтийн хяналтад чиглэж байна. ЦХХХ-ны яам уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд дүн тавихгүй. Харин тэдгээр мэдээллүүдийг ойлгомжтой инфографик байдлаар нээлттэй хүргэж байгаа юм.
Лицензүүдийг ил болгосноор газрын хэвлий дэх баялгийг хэн эзэмшиж байгаа тухай мэдээллийг үнэн зөвөөр нь иргэд мэдэх боломжтой болно. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн инфографик байдлаар байршуулсан.
Мөн төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой 58 байгууллагын ТУЗ-ын 504 гишүүдийн цалингийн мэдээллийг ил тод байршуулж байна” гэв.
Д.Батчулуун