Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг нэрлэж байна.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ долоо хоногт Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй танилцсан. Түүний үйлдвэртэй танилцахаас өмнөх болон дараах яриа олны анхааралд өртөөд буй. 24 цаг хүрэхгүй хугацаанд хоёр өөр зүйл ярьж, суурин дээрээ хэд эргэдэг том дарга нар Монголд цөөнгүй бий. Гэлээ гэхдээ өнөөдөр муулчхаад, маргааш магтаад дахин хэвлэлд мэдээлэлд өгнө гэдэг Б.Цэнгэл даргын төрд олон жил ажиллахдаа суралцсан бас нэгэн чадвар гэлтэй.
Тухайлбал ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл үйлдвэртэй танилцахаасаа ердөө нэг өдрийн өмнө "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар архи уухаараа олон хоног ажил тасалдаг учир түүнийг огцруулна. Л.Наранбаатар бол хувь хүний хувьд хүндэлдэг, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг залуучуудын нэг. Залуу хүч учир улс төрийн карьер байгаа болов уу хэмээн хардаг. Миний хувьд удирдлагын хувьд, ах хүний хувьд ч тэр маш олон анхааруулж, зөвлөж хэлсэн. Энэ бол нууц зүйл биш болсон. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой объектэд байнга ажилладаг гүйцэтгэх захирал хэрэгтэй. Архи дарс уучихаараа олон хоног ажил тасалдаг удирдлага надад хэрэггүй" гэсэн юм.
Харин маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй танилцав. Энэ үеэр тэрбээр "Зарим нэг мэдээлэл ташаа болох нь харагдлаа. Үйлдвэр аюулын ирмэг дээр, ажилчид ажил хаялт зарласан хэмээн ярьж байсан. Харин ирээд танилцахад үйлдвэр 1-3 сарын нөөцтэй, үйлдвэр хэвийн ажиллаж байна. Л.Наранбаатар үйлдвэрийг хүнд үед хөл дээр босгож, төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Л.Наранбаатарыг албан тушаалаас нь буулгахгүй" гэх тайлбарыг өгөв.
Ийнхүү Б.Цэнгэл дарга суурин дээрээ хоёр эргэж, олны сэтгэлзүйг хоёр тийш нь савлуулж орхив.
Мөн түүнийг үйлдвэрт ажиллах үеэр "Цемент шохой" ТӨХК-ийн 500 гаруй ажилчид өөрсдийн сайн дураар санаачлан, гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцохыг эсэргүүцэж, ТУЗ-ийг огцруул хэмээн гарын үсэг цуглуулж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд өгсөн юм. Үүний хариуд тэрбээр "Үйлдвэрийн үйл ажиллагаанд санаатай доголдол үүсгэсэн ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна" гэсэн юм. Ийнхүү ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл үнэхээр Л.Наранбаатарыг архи уудаг, ажил тасалдаг хэмээн гүтгэсэн бол Б.Цэнгэл огцрох нь зүйн хэрэг. Харин Б.Цэнгэлийн үнэн байгаад ямар нэгэн нөлөөнд автсан бол түүнийгээ ил болгох хэрэгтэй биз ээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)